Зам засвар арчлалтын хүрээнд энэ онд нийслэлийн 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөөд байна. Өнөөдрийн байдлаар зургаан байршилд засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж буй. Мөн урсгал засвар буюу нүхэн эвдрэлийг засварлах ажлыг төвийн зургаан дүүргийн 201 байршилд хийж байгаа юм.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн Авто замын хяналтын мэргэжилтэн Т.Чингэс “Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замд 2006 онд их засварын ажил хийснээс хойш ямар нэгэн засварын ажил хийгээгүй. Ийнхүү 18 жилийн дараа уг замд их засварын ажил хийж байна. Уг ажлын хүрээнд нэгдүгээр хэсгийн авто зам болох Ботаникийн эцсээс Төмөр Замын гарам хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 22:00 цагаас тавдугаар сарын 2-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийг хийн, тэмдэг тэмдэглээг бүрэн хийж дууссаны дараа замын хөдөлгөөнийг нээхээр төлөвлөөд байна. Харин хоёрдугаар хэсэг болох Төмөр замын гармаас Улиастайн гүүр хүртэлх авто замыг тавдугаар сарын 2-ны өдрийн 06:00 цагаас тавдугаар сарын 5-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, засвар, шинэчлэлт хийнэ. Өнөөдрийн байдлаар нийт 37 инженер техникийн ажилчид тусгай зориулалтын 31 машин техниктэйгээр, 24 цагаар тасралтгүй ажиллаж байна” хэмээсэн юм.
Ташрамд, дээрх зам засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, борооны усны шүүрт худгуудыг цэвэрлэх, авто замын зорчих хэсгийг хүчитгэх асфальтбетон хучилт хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.