Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа.
Энэхүү хуулийн төсөлд салбарын үйл ажиллагааг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигтэй нийцүүлэн “Идэвхтэй амьдралын хэвшилтэй иргэн, гэр бүлийг дэмжиж, биеийн тамир, спортын ээлтэй орчныг бүрдүүлэх” зорилтыг биелүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн.
Түүнчлэн спортын дасгалжуулагч, шүүгч, ажилтан, арга зүйчийн сахин мөрдөх ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, допингийн эсрэг үйл ажиллагааг зохицуулсан зүйл заалтыг нэмж, оролцогч талуудын чиг үүргийг тодорхой болгосон.
Хуулийн төсөлд багтсан бас нэгэн чухал агуулга нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай НҮБ-ын конвенц, түүнийг дагах зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор хууль тогтоомждоо хөгжлийн бэрхшээлээр нь ялгаварлан гадуурхахгүй байх зарчмыг баримталж хөгжлийн бэрхшээлтэй тамирчин, дасгалжуулагч, спортын холбоодын үйл ажиллагааг зохицуулсан заалтуудыг шинээр оруулсан билээ.
Түүнчлэн спортын салбарын албан хаагчдын нийгмийн асуудал шийдвэрлэх чухал зохицуулалт оруулж буй нь бусад салбарын адил таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс олгохоор тусгалаа.
Мөн аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын байгууллага өөрийн албан ёсны орон тоон дээр хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөөллийг авч ажиллуулахыг үүрэг болгосон заалтыг оруулсан.