Засгийн газраас төрийн албаны цалингийн тогтолцооны шинэчлэлийг эхлүүлж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг өнгөрөгч оны долдугаар сарын 1-ний өдрөөс 40 хувиар нэмсэн. Энэ цалин энэ оны дөрөвдүгээр сарын 1 буюу ирэх даваа гарагаас дахин нэмэгдэхээр болжээ.
Тодруулбал, төрийн албан хаагчдын цалин 100-150 мянган төгрөгөөр нэмэгдэхээр болсон байна. Тухайлбал, төрийн захиргааны алба, төрийн мэргэжлийн үйлчилгээ, төрийн тусгай албаныхны цалин 100 мянган төгрөгөөр, төрийн нийтлэг үйлчилгээнийхний цалин 150 мянган төгрөгөөр нэмэгдэхээр болжээ. Ингэснээр, төрийн албан хаагчийн дундаж цалин 2.5 сая төгрөгт хүрч байна.
-Жилийн дотор 10 мянган төрийн албан хаагч гадагшаа гарчээ-
ХЭҮК-ын дарга Д.Сүнжид "ХЭҮК-т 2021 онд иргэдээс нийт 1188 гомдол, мэдээлэл ирүүлснээс 246 нь буюу 20.7 хувь, 2022 онд нийт 925 гомдол, мэдээлэл ирүүлснээс 246 нь буюу 26.5 хувь нь хөдөлмөрлөх эрх зөрчигдсөнтэй холбоотой байна. Ирүүлсэн гомдлыг агуулгаар нь авч үзвэл, төрийн захиргааны албан хаагчийн хувьд ажил олгогч, албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж, төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр албан тушаалаас нь бууруулах буюу ажлаас халах тохиолдол илүүтэй бүртгэгдсэн.
Төрийн тусгай албан хаагчдын хувьд ажлын ачааллаас үүдэн эрүүл мэнд хохирсон, ажлын байрны дарамт хүчирхийлэлд өртсөн, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, халдашгүй байх эрх нь зөрчигдсөн. Харин боловсролын салбарын хувьд хүний нөөцийн дутагдал, орон тоо нөхөгдөхгүй байгаа, ажлын ачаалал байнга хэтэрсэн, нийгмийн баталгаа хангагддаггүй зэрэг асуудал тулгамдаж байна. Төрийн үйлчилгээний албан хаагчдын тухайд 5 албан хаагч тутмын нэгд илүү цаг болон амралтын өдөр, шөнийн цагаар ажилласан нэмэгдэл хөлс олгогддоггүй.
Төрд ажиллаж байгаа иргэдийн хувьд амьжиргаа дэмжихэд хамгийн чухал гэж үздэг орон сууцны дэмжлэгийн асуудал хангалтгүй байна. Тиймээс өнгөрсөн нэг жилийн дотор 10 мянган төрийн албан хаагч гадагшаа гэрээгээр явсан байна.
Сүүлийн жилүүдэд өөрийн хүсэлтээр албанаасаа гарсан алба хаагчийн тоо эрс өссөн, орон тоо дутагдалтай, ялангуяа алслагдсан газар, орон нутагт ажиллах, эсхүл нарийн мэргэжлийн хүний нөөц бүрэн нөхөгдөж чадахгүй байгаа.