Монгол Улсын хэмжээнд автотээврийн хэрэгслийн ашиглалтаас хасагдсан хар тугалгат-хүхрийн хүчлийн батерейг хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, устгах, түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах анхны үйлдвэр Налайх дүүрэгт байгуулагдаж, өнөөдөр /2024.03.26/ нээлтээ хийжээ.
Ингэснээр орчин үеийн шаардлагыг хангасан, бүрэн автомат, жилд 7 мянган тонн буюу 175 мянган ширхэг хаягдал хар тугалгат хүхрийн хүчлийг баттерейг дахин боловсруулж, хаягдал хар тугалгыг 98 хувь хүхрийн хүчлийн уусмалыг 98 хувь, 10 гаруй химийн бодисыг хоргүйжүүлэн цэвэршүүлэх боломжтой болж байна.
Монголын анхны аккумлятор дахин боловсруулах үйлдвэрийг “Электрокем Монгол” ХХК өөрийн хөрөнгөөр байгуулж, ашиглалтад оруулахын зэрэгцээ 75 хүний ажлын байр бий болгож 1.2-1.8 тэрбумыг улсын төсөвт төвлөрүүлэх аж.
Энэхүү байгаль орчин, нийгмийн эрүүл амьдралын төлөө бүтээсэн шинэ үйлдвэрийн нээлтэд Монгол Улсын Их хурлын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт оролцож, "Орчин үеийн техник технологийн шийдэл бүхий байгаль орчинд ээлтэй технологи, үйлдвэрлэлийг төрөөс бодлогын хувьд дэмжинэ гэдгээ илэрхийлээд, цаашид ашиглалтаас гарсан хар тугалгат хүхрийн хүчлийн баттерейг цуглуулах, хадгалах системийг бий болгоход хувийн хэвшлийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах болно" гэжээ.