Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг 2024 оны гуравдугаар сарын 7-ны өдрөөс 2024 оны гурав дугаар сарын 22-ны өдрүүдэд хянан хэлэлцэж шийдвэрээ танилцуулсан. Улмаар анхан шатны шүүхээс Ё.Баатарбилэгт гэм буруутайд тооцсоны хүчингүй болгож, тэдэнд холбогдох бүхий л хэргийг хэрэгт авагдсан үйл баримтын хүрээнд хууль ёсны ба үндэслэл бүхий байдлаар дахин дүгнүүлж, зарим шүүгдэгч нарт холбогдох нийт хэргийг нэг мөр шийдвэрлүүлэх үндэслэлтэй гэж үзсэн, харин цагаатгасан шийдвэр огт гаргаагүй аж.
Зарим худал ташаа мэдээлэл гарч байгаатай холбогдуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс дараах тайлбарыг гаргажээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ё.Доржсумъяа, Ц.Цэвэгмэд нарт холбогдох гэмт хэргийг хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр хийсвэрлэн таамаглах байдлаар цагаатгаж шийдвэрлэснийг хүчингүй болгосон байх бөгөөд шүүгдэгч Ё.Доржсумъяа, Ц.Цэвэгмэд нарт холбогдох хэргийг үндэслэлгүйгээр цагаатгасан нь Ё.Баатарбилэгт холбогдох хэргийн үйл баримт, нотолгооны стандарт, бусад асуудлыг шалгах, тогтооход зөрүү, зөрчил үүсгэжээ. Мөн анхан шатны шүүх, прокурорын хувьд хэрэгт авагдсан бүхий л үйл баримтыг шалгаагүй, хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг үгүйсгэсэн, баталсан үндэслэлээ тодорхой заагаагүй, шийдвэрлэвэл зохих зарим асуудлыг орхигдуулсан гэж үзсэн учраас дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.