Наурызын барилдааны өмнөхөн барилдах эрх нь сэргэсэн Улсын заан Б.Сериктэй ярилцлаа.
-Эрхээ хасуулснаас хойш 101 хоногийг дараа Наурызын баярын барилдаанаар бөхийн дэвжээндээ эргэн ирж байна. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Биеэ авч явах байдал, алдаа дутагдлаа ойлгож, ухамсарласан байдлыг минь харгалзаж үзээд барилдах эрхийг минь сэргээсэн талаар Наурызын барилдааны өмнөх өдөр надад мэдэгдсэн. Энэ мэдээг сонсоод шоконд орсон. Хамгийн түрүүнд аав руугаа залгаж хэлсэн. Учир нь миний аав намайг барилдаж эхэлснээс хойш миний зодоглосон бүх барилдааныг бөхийн өргөөнд ирж үзсэн. Намайг маш их дэмждэг. Тэр ч утгаараа миний барилдах эрхийг сэргээчихлээ гээд намайг залгахад аав минь нулимс гаргасан гэж ээж хэлсэн. Эндээс миний аав хүүгийнхээ барилдааныг үзэхийг ямар их хүлээсэн нь тодорхой харагдсан. Энэ их итгэлийг нь алдахгүй биеэ зөв авч явж, олон сайхан барилдааныг аавдаа болон намайг дэмждэг бүх хүмүүст харуулахыг хүсэж байна. Мөн надад итгэл хүлээлгэж барилдах эрхийг маань сэргээсэн Монголын Үндэсний бөхийн холбоо, мөн энэ хугацаанд надтай хамт байж, намайг дэмжиж байсан бөх сонирхогчиддоо дахин дахин баярлалаа гэж хэлмээр байна.
Миний тухайд гэвэл барилдааны өмнөх өдөр нойр хүрэхгүй, догдолж хоносон. Өчигдөр барилдахаар жагсаж байхад хүртэл зүрх маш хүчтэй цохилж, үгээр хэлэхийн аргагүй маш гоё мэдрэмжийг авсан.
-Алтан цомын барилдаанд багаа дасгалжуулж Булганыг ялсан. Одоо та багтаа нэгдэх үү?
-Манайх Сүхбаатар аймагтай хүнд барилдаан хийж ялсан. Архангайтай барилдахын өмнөхөн барилдах эрхээ жилээр хасуулсан. Энэ үйл явдал манай аймгийн бөхчүүдэд нэлээн хүнд цохилт болж, Архангайд хожигдсон. Дараагийн барилдаанд сэтгэлийг нь сэргээж, дэмжихийн тулд миний бие өдөр бүр хамт бэлтгэлээ хийсэн. Эцэст нь манай баг Булган аймгийн багийг ялсан. Миний хувьд өөрөө барилдаж байгаа юм шиг л баярлаж, багаа дэмжсэн. Одоо шилдэг наймд Ховдтой таарсан. Би өөрөө барилдана.
-Булганы багтаа хийсэн барилдааны талаар сэтгэгдлээсээ хуваалцаач. Маш олон хүний таамгыг эвдэж, гайхалтай амжилт үзүүлсэн шүү дээ?
-Булган бол ялахад тун хэцүү баг. Бөх сонирхогчид ч ялах боломжгүй гэж бодож байсан байх. Булганы долоон начин бүгд чанга. Манай баг эвлэлдэн нэгдэж, бэлтгэл сургуулилтаа маш сайн хийсний үр дүнд ялалт байгуулсан. Сэтгэгдэл бол мэдээж маш сайхан байсан. Өөрөө барилдаад ялчихсан юм шиг л догдолж, баярласан.
-Өнгөрсөн жилийн наурызын барилдаанд Баян-Өлгийн бөхчүүд барилдаагүй. Одоог хүртэл яагаад гэсэн асуулт байсаар байна. Ямар нэгэн тайлбар өгөх боломжтой болов уу?
-Өнгөрсөн жил бид хэд аймагтаа бэлтгэлд гарсан. Барилдаандаа оролцохоор Улаанбаатар руу явж байгаад бэртэл гэмтлийн асуудал гараад манай бөхчүүдэд маш том хүндэтгэх шалтгаан гарч ирсэн учраас оролцож чадаагүй.
-Энэ жил Баян-Өлгийгөөс хэр олон бөх барилдсан бэ?
-Энэ жилийн тухайд бүгд зодоглосон. Үндэсний бөхийн холбооноос чансаа хардаг болчихсон учраас сумын заанууд болон зарим аймгийн начингууд оролцож чадсангүй. Бусад нь бүгд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон.
-Энэ хугацаанд нийт хэдэн барилдаан өнжив. Дэвжээнд гарахыг хүссэн ч гарч чадахгүй үзэгчийн суудалд суух мэдрэмж мэдээж амаргүй байсан болов уу?
-Үзэгчдийн сандлаас бөх үзээд сууж байхдаа өөртөө л харамсаж байлаа. Ид барилдаж байх насандаа барилдаж чадахгүй хараад сууж байна гэдэг маш их харамсалтай. Эрхээ хасуулсан байх хугацаандаа бөхийн өргөөнд 3 барилдаан үзсэн. Өөрөө гараад барилдчихмаар санагдаж, сэтгэл зүй маш тогтворгүй байсан учраас дахиж бөхийн өргөөнд ирмээргүй юм байна гэж хүртэл бодсон. Сая барилдаан эхлээд, бөхчүүдийн нэрийг дуудаж байхад хүртэл дотор чичрээд, догдлоод байсан.
Нэгийн даваанд унана уу, түрүүлнэ үү хамаагүй. Бөхийн өргөөндөө зодог шуудгаа өмсөөд зогсох л хамгийн том аз жаргал юм байна.
-Хөлийн цэцээр хэдэн барилдаанд ажиллав. Амаргүй ажил байдаг юм байна гэж пост оруулсан байсан?
-Барилдах эрхийг минь нэг жилээр хассан шийдвэрийг сонсоод шоконд орсон. Ёс зүйн хороонд өргөдөл гаргаж, гуйсны эцэст өөрийн хүсэлтээр хөлийн цэц хийсэн. 2 сумын заан, 2 улс, аймаг, 2 аймаг, цэргийн барилдаанд хөлийн цэцээр ажилласан. Заримдаа сумын заанд 500-600 бөх барилддаг. Тийм барилдаанд хөлийн цэц хийнэ гэдэг амаргүй ажил байна лээ. 5-6 цаг зогсоогоороо ажиллана гэдэг чанга байсан. Түүнээс гадна зэрэг унахаараа хоёулаа гүйж ирээд Серик ахаа би давсан шүү дээ гээд зогсчихдог. Их хэцүү бас хариуцлагатай ажил юм байна гэдгийг өөрийн биеэр мэдэрч, маш сайн ойлгож авсан. Бусад бөхчүүд ч гэсэн өөрийн хүсэлтээр ажиллаад үзэх хэрэгтэй юм байна гэж бодсон доо.
-Тухайн үед болсон процессын талаар товчхон мэдээлэд өгвөл?
-Архангай аймгийн сумын заантай барилдах үед миний хөлийг авах үед нь гуядаж, босохдоо шанаан тус газар нь дарж боссон. Надаас дүү бага цолтой бөхтэй барилдах үедээ ийм алдаа гаргасан өөртөө маш их харамссан. Дүү нарт болон одоо барилдаж байгаа бөхчүүдэд маш том сургамж болсон болов уу гэж бодож байна. Цаашдаа манай бөхчүүд анхаарах байх. Миний хувьд намайг гэдэг хүмүүсийнхээ энэ их итгэл найдварыг алдахгүйг хичээх болно оо гэж хэлмээр байна.
-Өнгөрсөн 100 хоногийн хугацааг хэр урт хугацаа байв. Бэлтгэлээ таслалгүй хийв үү. Өөртөө амралт өгч өөрийгөө жаахан амраав уу?
-Эрхээ хасуулсан хугацаанд бэлтгэл сургуулилтаа таслалгүй хийж байсан ч сэтгэл санааны хувьд маш хүнд байлаа. Тэр ч утгаараа гурван сар гурван жил юм шиг л удаан өнгөрсөн. Монгол бөхөө дээдлэх цаашлаад бөхчүүд бие биендээ илүү хүндэтгэлтэй хандах гэх мэт маш олон зүйлийг ойлгож, алдаагаа ухамсарласан өдрүүдийн ард гарлаа.