Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Пүрэвтогтох: Эрчүүдэд үргүйдлийн үед ямар ч шинж тэмдэг илэрдэггүй. Өмнө нь хүүхэдтэй болсон ч олдмол эмгэг үүссэн байх магадлалтай

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
9 минут 40 секунд

Та үргүйдэл юунаас үүддэгийг мэдэх үү. Магадгүй одоог хүртэл үргүйдлийн гол эзэн нь эмэгтэйчүүд гэж боддог юм биш биз. Тэгвэл үүнд хариулт өгөх зорилгоор ЭХЭМҮТ-ийн Үргүйдэл, нөхөн үржихүйн төвийн эрхлэгч М.Пүрэвтогтохтой ярилцлаа.

-Хосууд удаан хугацаанд үр хүүхэдтэй болохгүй байхыг "үргүйдэл" гэж ойлгоод байгаа. Тэгвэл үүнийг мэргэжлийн хүний үүднээс тайлбарлаж өгөхгүй юу?

-"Үргүйдэл"-ийг тайлбарласан олон тодорхойлолт байдаг. Тэр дундаа хамгийн тохиромжтой нь "Хосууд жирэмснээс сэргийлэх арга хэрэгсэл огт хэрэглэхгүй, тогтмол бэлгийн харилцаатай 1 буюу түүнээс дээш жил болсон үед үргүйдэл үүсдэг" гэж үздэг. Гэхдээ 35-наас дээш насны хосууд 6 сараас дээш хугацаанд жирэмсэн болохгүй бол мэргэжлийн эмчид хандахыг зөвлөдөг.

Нас ахих тусам өөрөөрөө жирэмслэх магадлал буурдаг. Тиймээс мэргэжлийн эмчид заавал хандаж, оношилгоо эмчилгээнд эрт хамрагдвал жирэмсэн болох магадлал ч дагаад нэмэгддэг.

-Сүүлийн үед үргүйдэл нэмэгдэж байгаа гэх мэдээлэл байна?

-Орчин үед эрүүл мэндийн салбарын оношилгоо, эмчилгээ сайжирсан. Үүнтэй холбоотойгоор үргүйдлийн тохиолдол нэмэгдэж байгаа юм шиг харагдаж байгаа байх. Гэхдээ ДЭМБ-ын судалгаагаар аль ч улсад хэдийд ч тархалт тогтвортой хэмжээнд байгаа гэх үр дүн гарсан байдаг.

-Нийгэмд үргүйдлийн гол эзэн нь эмэгтэйчүүд гэсэн ойлголт байдаг шүү дээ. Гэхдээ сүүлийн үед энэ ойлголт өөрчлөгдөж байх шиг байна?

-Өмнө хэлсэнчлэн хосууд жирэмснээс хамгаалах ямар нэг арга хэрэглэхгүй 1 жилийн хугацаа өнгөрсөн бол заавал эмчид хандаж, хамтдаа мэргэжлийн эмчид үзүүлэх ёстой. Гэтэл үүнийг зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал гэж ойлгоод зарим эрчүүд хойрго хандах гээд байдаг.

Үргүйдлийн шалтгаан нь эмэгтэйчүүд 40, эрчүүд 40 хувь үлдсэн 20 хувь нь эхнэр, нөхөр хоёроос зэрэг хамааралтай байдаг гэж үздэг.

Мөн шинжилгээний хувьд, эрчүүд 2-7 хоногийн хугацаанд бэлгийн харилцаанд орохгүйгээр үрийн шингэний шинжилгээ өгөхөд болно. Ингэснээр тухайн эрэгтэй үргүйдэлтэй юу, үгүй юу гэдэг асуултын хариу гараад ирнэ. Харин эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдгээс хамаараад эмнэлгийн байгууллагаар олон удаа ирж үзүүлж, үйлчлүүлэх шаардлага гардаг. Тиймээс хосууд заавал хамтдаа шинжилгээ өгөх ёстой. Гэтэл зарим тохиолдолд "Би өмнө нь жирэмсэлж байсан, би хүүхэдтэй болж байсан" гэх зэрэг шалтгаанаар эмнэлэгт хандахгүй байх тохиолдол бий. Уг нь хоёулаа хамтдаа шинжилгээ өгөх ёстой.

Үргүйдлийн гол шалтгаан нь осол гэмтэл мөн үрэвсэл, халдвар байдаг

-Үргүйдэл үүсэх шалтгаан нөхцөл нь юу вэ. Ялангуяа эрчүүдийн хувьд бусадтай маргаж, гар зөрүүлэх үедээ гэмтэл авах тохиолдол байдаг шүү дээ. Энэ тохиолдолд үргүйдэл үүсэж болох уу?

-Боломжтой. Үргүйдлийн нэг шалтгаан бол осол гэмтэл. Мөн дээр нь бэлгийн замын халдвар. Түүнээс гадна ажил мэргэжлийн онцлогоос хамаарч хэт хүйтэн газар удаан ажиллавал үрэвсэл үүсэж үргүйдэл бий болдог. Өөрөөр хэлбэл,

Олдмол эмгэгүүд их үүсдэг, олон ч оношлогддог гэсэн үг. Мөн шээс бэлгийн замын үрэвсэл үүсэх буюу төмсөг, түрүү булчирхай үүнд өртдөг учир үргүйдэл үүсэх шалтгааны нэг нь бэлгийн замын халдвар болдог.

Сүүлийн үед умайн гадуурх жирэмслэлт нэмэгдэж байгаа нь үрэвсэл, халдвартай шууд хамааралтай

-Тэгвэл эмэгтэйчүүдийн хувьд ч мөн бэлгийн замын халдвараас үүдэж үргүйдэл үүсэх үү?

-Тэгэлгүй яах вэ. Аливаа эрхтэн систем ямар нэг халдваргүй, үрэвсэлгүй байж бүх үйл ажиллагаа нь хэвийн явагдана. Тийм учраас үрэвсэл, халдвар үүссэн бол үргүйдэл бий болох боломжтой.

Ялангуяа, сүүлийн үед умайн гадуурх жирэмслэлтийн тохиолдол нэмэгдэж байна. Мөн л үрэвсэл, халдвартай холбоотой.

-Хүрээлэн буй орчны бохирдол, агаарын бохирдол зэрэг хүчин зүйлс бас нөлөөлөх үү?

-Энэ талаар олон улсад багагүй судалгаа хийгдэж байна. Манай улсын хувьд хараахан энэ төрлийн судалгаа хийгдээгүй байгаа. Яах вэ, барууны орнуудын эрдэмтэн, судлаачдын хийсэн судалгаагаар ихэвчлэн өвлийн улиралд жирэмсэн байсан эмэгтэйчүүдийн ихсээс агаарын бохирдлын найрлагад буй элементүүд илэрсэн гэх дүгнэлт гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, үргүйдлийн бас нэг шалтгаан нь агаарын бохирдол гэж хэлж болно.

Эрчүүдэд үргүйдлийн ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй

-Шалтгаан нөхцлөөс гадна бас нэг чухал зүйл бол яах аргагүй шинж тэмдэг. Ер нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст онцгойлон ямар шинж тэмдэг илэрдэг юм бол?

-Эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдэг нь алдагдаж ирдэг бол заавал цаг хугацаа хүлээх шаардлагагүй, шууд мэргэжлийн эмнэлэгт хандаж болно. Учир нь сарын тэмдэг тогтмол ирж байж өндгөн эс боловсордог учраас автоматаар үзүүлж болно гэсэн үг.

Харин эрчүүдийн хувьд үргүйдэл үүссэн тохиолдолд ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй. Биеийн болон бэлгийн үйл ажиллагаа төдийлөн алдагддаггүй тул ихэнх хүмүүс мэдэхгүй явах тохиолдол байдаг.

-Сүүлийн үед залуус маш сайн гэр бүл төлөвлөдөг болсон байна. Магадгүй тэдгээр хосуудад хүүхэдтэй болоход нь нөлөөлөх бас заавал анхаарах ёстой зүйлс юу вэ?

-Нөхөн үржихүйн насны буюу үр хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа хүн бүр хорт зуршлаас татгалзах хэрэгтэй. Үүнийг хүн бүр мэднэ л дээ. Гэхдээ яагаад онцолж байна вэ гэвэл,

Тухайн үед үүсэж буй эр бэлгийн эсийн хөгжилтэй шууд холбоотой. Эрүүл эстэй байж эрүүл хүүхэдтэй болно. Тиймээс архи, тамхины хэрэглээг багасгах хэрэгтэй. Тэр дундаа тамхи хамгийн сөрөг нөлөөтэй. Өдөрт 10-аас дээш тамхи татдаг хүмүүсийн эр бэлгийн эс гэмтэлтэй, үр тогтоох чадвар илэрхий буурсан байдаг. Харин архины хувьд бүх эрхтэн системийг гэмтээдэг учраас архины хэрэглээнээс татгалзах нь зөв.

Үрийн шингэнд эр бэлгийн эс байхгүй тохиолдолд төмсгөнд мэс засал хийж, эр бэлгийн эсийг авч, үр шилжүүлэн суулгадаг

-Магадгүй эрэгтэй хүнд үргүйдлийн онош илэрвэл ямар эмчилгээг хийдэг вэ. Бас сүүлийн үед үр шилжүүлэн суулгах аргыг их ашигладаг болсон байна?

-Манай төв нь эрэгтэйчүүдийн үргүйдлийн тусламж үйлчилгээнд орчин үеийн анагаах ухаанд хэрэглэдэг бүх аргыг ашигладаг. Жишээлбэл,

Үрийн шингэний шинжилгээ өгөхөд үрийн шингэндээ эр бэлгийн эсгүй байх тохиолдол цөөнгүй оношлогддог. Үүнийг шийдэх орчин үеийн анагаах ухаан нь төмсгөнд мэс засал хийгээд эр бэлгийн эсийг нь авч үр шилжүүлэн суулгах эмчилгээгээр хүүхэдтэй болгож болно. Эсвэл төмсөгний үйл ажиллагааг хэвийн эсэхийг шалгаад хэвийн үед үрийн суваг боогдсон бол түүнийг тойруулж үрийн суваг залгах эмчилгээг хийж байгаа.

Түүнээс гадна төмсөгнөөс эс авах арга бол зарим тохиолдолд хэцүү. Учир нь зарим хүний төмсөгний үйл ажиллагаа төрөлхөөс болон олдмол маягаар гэмтээд, тухайн төмсөг эр бэлгийн эс ялгаруулах боломжгүй болдог. Бас эр бэлгийн эс маш их буурсан байдаг. Тиймээс тодорхой технологийн тусламжтайгаар эр эсийг ялгаж аваад үр шилжүүлэн суулгах эмчилгээ хийдэг.

-Эрчүүдийн хувьд ийм асуудлаа хүмүүсээс нуух хандлагатай байдаг шүү дээ. Тийм ч учраас эрэгтэйчүүдийн эмнэлэгт хандах нь бага байдаг?

-Өмнө нь яг тийм хандлагатай байсан. Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн үзлэгийн тоо эрс ялгаатай байсан. Харин одоо харьцангуй багассан байна. Зарим эрчүүд эхнэрээсээ урьтаж үзүүлдэг болсон.

-Үр шилжүүлэн суулгах ажилбар амжилтгүй болох тохиолдол бий юу?

-Мэдээж байлгүй яах вэ. Одоогоор дэлхийд хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглаж байгаа АНУ-ын тухайд, 100 хос эмчилгээнд ороход 30 нь амьд төрөлт байдаг гэсэн судалгаа бий. Тэгэхээр манай улсын хувьд ч мөн ялгаагүй адил түвшинд байгаа гэж хэлж болно.

-Ярилцсанд баярлалаа.

“Соната-9” автомашины шагналын сан бүхий “Наурызын баяр“-ын бөхийн барилдаанд дараах бөхчүүд зодоглохоор бүртгүүллээ
“Соната-9” автомашины шагналын сан бүхий “Наурызын баяр“-ын бөхийн барилдаанд дараах бөхчүүд зодоглохоор бүртгүүллээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.