Цагдаагийн алба нэр хүндтэй бас хариуцлагатай ажил. Тиймдээ ч энэ албанд хэн бүхэн тэнцээд байдаггүй байх. Харин үүрэгт ажлаа ёс төртэй биелүүлдэг, өргөсөн тангарагтаа үнэнч зогсох хүмүүс энд бий. Тийм ч учраас Ubn.mn сайт энэ удаагийн ярилцлагынхаа зочноор удам дамжсан Нохойн төлөөлөгч, Цагдаагийн ахлах дэслэгч Б.Тэмүүжинг онцоллоо. Тэрбээр албаны нохойн хэлтэст тасралтгүй 12 жил ажиллаж буй чадварлаг ажилтан юм.
-Сайн байна уу. Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн байна уу. Намайг Б.Тэмүүжин гэдэг. Би Цагдаагийн байгууллагын албаны нохой сургалтын хэлтэст Нохойн төлөөлөгчөөр тасралтгүй 12 жил ажиллаж байна.
-Яагаад нохойн төлөөлөгч болохоор шийдсэн юм бэ. Хүүхэд байхаасаа л нохойнд хайртай байсан байх?
-Тэгэлгүй яахав. Багаасаа л нохойнд хайртай хүүхэд байлаа. Манай гэр бүл нохой тэжээдэг байсан. Түүнээс гадна миний аав насаараа энэ албанд нохойн төлөөлөгчөөр ажилласан хүн байдаг. Тиймээс байнга аавтайгаа ажил дээр нь ирж нохой харах дуртай хүүхэд байсан. Энэ нь ч намайг нохойн төлөөлөгчөөр ажиллахад нөлөөлсөн байх.
-Аав тань мөн нохойн төлөөлөгч байсан гэхээр удам дамжсан юм байна шүү дээ. Аавыгаа танилцуулаач?
-Аавыг маань Ц.Болдбаатар гэдэг. Энэ албанд 30 жил ажилласан, Бэлтгэл дэд хурандаа цолтой хүн бий.
Аав маань 1986-1989 онд Хилийн цэргийн 0267-р тусгай ангид хугацаат цэргийн алба хаагаад 1990 оноос хойш Цагдаагийн байгууллагад орж, албаны нохой сургалтын эрэлч нохойн тасагт нохойн төлөөлөгчөөр ажилласан. Ингээд 2016 онд цэргийн байнгын тэтгэвэрт гарсан. Мөн энэ хугацаанд аав маань нохойн төлөөлөгчөөс эхлээд хэлтсийн дарга хүртэлх албанд ажилласан байдаг. Миний хамгийн том бахархал гэж хэлж болно.
-Таныг нохойн төлөөлөгчөөр ажиллана гэхэд аав нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Аав маань дуртайяа хүлээж авсан. Учир нь би өөрөө нохойнд хайртай, энэ албанд ажиллаж чадна гэсэн итгэлтэй байсан учраас гэр бүл маань ч дэмжсэн байх.
-Нохой сургахад хэцүү юу. Таны хувьд энэ 12 жилийн хугацаанд хэчнээн нохойг сургасан бэ?
-Мэдээж хэрэг нохой бол хүн биш. Аливааг зааж сургахад маш их цаг хугацаа шаардагдана. Нэг заагаад л сурчихгүй учир байнга давтаж, рефлекс суулгах шаардлагатай болдог. Гэхдээ миний хувьд өөрөө энэ ажилдаа хайртай бас дуртай учраас тийм ч хэцүү санагддаггүй. Мөн албаны нохой бол бүрэн сургалттай байдаг учраас хэргийн газар ажиллахад ямар ч асуудал гардаггүй.
Би энэ 12 жилийн хугацаанд нийт 3 нохойг сургаж, ажилласан байна.
-Таны нохойг хэн гэдэг вэ?
-Миний нохойг Мак гэдэг. Одоо 5 настай. Би 2 настай байхад нь авч сургаж байсан. Өмнөх нохой маань албанд ашиглагдахаа болих буюу нэг ёсондоо тэтгэвэртээ гарсны дараа би дараагийн нохойгоо бэлтгэж ажиллах ёстой учраас энэ нохойгоо авч сургаад одоо 3 дахь жилдээ ажиллаж байна.
-Нохойгоо яагаад Мак гэж нэрлэсэн юм бэ. Бас та өөрөө нэрийг нь өгсөн үү?
-Тэгэлгүй яахав. Би өөрөө нэрийг нь өгсөн. Мак гэдэг нь нэг төрлийн хар тамхины ургамлаас дэлбээлдэг цэцэг байдаг гэж уншиж байсан юм. Тэгээд л сонирхолтой санагдаад энэ нэрийг өгсөн.
-Нохой сургахад ойролцоогоор хэчнээн сар, жил хэрэгтэй байдаг юм бэ. Бас нэг нохой албаны үүргийг хэдэн жил гүйцэтгэдэг юм бол?
-Албаны нохойг 6 сартайгаас нь эхлээд 6 сарын хугацаанд бүрэн сургадаг. Яагаад заавал 6 сартай гөлгийг сургаж эхэлдэг вэ гэхээр бусад бага сартай гөлгөн нохойг бодвол сургалтын ачаалал даах чадвар илүү байдаг. Тиймээс насных нь онцлогт тохирсон аргаар сургаж, бэлтгэдэг.
Мөн албаны нохойг сургахдаа маш сайн шилж, сонгож байж авдаг. Учир нь зарим нохой хурд хүч багатай, авхаалж самбаа муутай бас зарим тохиолдолд бие нь сул байдаг. Тиймээс энэ албанд тохирохуйц нохдыг шилж сонгодог. Түүнээс гадна манай хэлтэст 7 үүлдрийн 40 гаруй нохой бий. Манай хэлтэс дотроо үржлийн хэсэгтэй учраас маш сайн үүлдрийн албаны ноход байдаг гэсэн үг. Бас нэг нохой 8 нас хүртлээ энэ албанд ажилладаг.
Нохойд ч гэсэн холерик, сангвиник, флегматик, меланхолик гэсэн 4 зан төлөв байдаг
-Хүмүүсийн дунд нохой эзнийхээ зан төлөвийг дуурайдаг гэдэг яриа байдаг шүү дээ. Энэ хэр үнэний ортой вэ?
-Хүнд байдаг зан төлөвийн 4 шинж буюу холерик, сангвиник, флегматик, меланхолик гэсэн темпераментууд нохойд ч бас бий. Гэхдээ холерик, сангвиник, флегматик хэв шинжийн нохойнууд манай албанд илүү тохиромжтой. Харин меланхолик нь тайван хэв шинжтэй нохой байдаг учраас албанд тийм ч тохиромжтой бус.
-Ер нь албаны нохдын онцлог нь юу вэ?
-Мэдээж хэрэг нохой бол маш үнэрч, соргог амьтан. Тиймээс хүний үнэрлэж чадахгүй, мэдэрч чадахгүй зүйлийг маш хурдан илрүүлчихдэг гэсэн үг. Учир нь нохой гэмт этгээдүүдийг хөлийнх нь мөрөөр биш үнэрийнх нь мөрөөр мөшгөж олдог. Тиймээс өдөр бүр энэ төрлийн дасгал сургуулилтыг сайтар хийж, байнга бэлтгэж байдаг.
Дээр нь нэмц овчарк нь Монгол орны эрс тэс уур амьсгалд хамгийн сайн дасан зохицдог бас эзэндээ үнэнч, хурдан шаламгай байдаг учраас энэ албанд хамгийн их тохирдог гэж хэлж болно.
-Өөрийн тань илрүүлж байсан сэтгэлээс тань огт гардаггүй хэрэг бий юу?
-Би энэ албанд ажиллахдаа 40 гаруй хэргийг илрүүлсэн байдаг. Гэхдээ сэтгэлд хамгийн тод үлдсэн хэрэг гэвэл миний хамгийн анх илрүүлж байсан хэрэг. Тэр нь халаасны хулгайн гэмт хэрэг байсан л даа.
Тухайн үед маш олон хүн байсан бас цагдаагийн бүрэлдэхүүн ч байсан учраас илрүүлэх болов уу үгүй болов уу гэсэн айдастай байсан. Тэгээд л нохой маань хулгайчийг олж илрүүлэхэд дотроо маш их баярласан. Гэхдээ түүнийгээ гаднаа илэрхийлэхгүй шүү дээ. Одоо бодоход анхны хэрэг маань л тодоос тод санагдаж байна.
-Нохойгоо өвдсөн үед нь ч гэсэн хамт байдаг байх?
-Мэдээж хэрэг тэгэлгүй яахав. Нохой өвдсөн үедээ маш эмзэг болчихдог. Эзнээсээ өөр хүн ойртуулдаггүй, уур, уцаартай болчихдог. Дээр нь нохой бол араатан амьтан учраас биеийг нь үзэх гэж байгаа малын эмч нар руу дайрах аюултай. Тиймээс бид /нохойн төлөөлөгчид/ зайлшгүй шаардлагаар өөрсдөө ирж үзлэгт хамруулдаг.
Бас нохойгоо 8 нас хүртэл нь хамт байдаг учраас яг л гэр бүлийн маань нэг гишүүн шиг болчихдог. Өөрөөр хэлбэл миний сайн найз бол миний нохой. Нохдын маань алба нь дуусаж тэтгэвэртээ гарахад нь хүртэл би өөрөө авч тэжээнэ. Ерөнхийдөө эцсийн мөч хүртэл нь хамт байдаг.
-Энэ жил танай албаны түүхт ой тохиож байгаа гэсэн шүү дээ. Алба хаагчдадаа хандаж үг хэлэхгүй юу?
-Энэ жил манай албаны түүхт 80 жилийн ой тохиож байна. Манай албанаас маш олон мундаг алба хаагчид төрөн гарсан байдаг учраас тэдгээр мундаг хүмүүсийн залгамж халаа болж байгаадаа маш их баяртай байдаг. Тиймээс мөр зэрэгцэн ажиллаж байгаа нийт алба хаагчдадаа болон үе үеийн ахмадууддаа түүхт ойн мэндийг дэвшүүлье.
-Ярилцсанд баярлалаа.