Өнөөдөр СБ, БЗ, ЧД-ийн шүүхэд УИХ-ын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал болж шийдвэрээ гаргасан. Тодруулбал, З.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан юм. УИХ-ын дарга асан З.Энхболд шүүхийн шийдвэрийн талаар байр сууриа илэрхийлэхдээ "Тавантолгойн ордын хоёр нь алга болчихсон. Нэгийг нь С.Баярын үед MCS хууль зөрчиж авсан" хэмээсэн.
Тэгвэл Ерөнхий сайд асан С.Баяр хариу тайлбар хийжээ. Тэрбээр, "Хууль зөрчиж авсан" гэж энэ этгээд бараг үнэн хэлжээ. Тавантолгойн орд газрын хайгуулд улсын төсвөөс мөнгө гарсан. Ийм орд газрын "50 хувийг төрийн мэдэлд авч болно" гэж хуульд заасан. Гэтэл манай Засгийн газар лиценз эзэмшигч ХХК-аас нь Тавантолгойн 96 хувийг төрд авсан. Гаргасан энэ шийдвэртээ би одоо эргэлздэг. Төсөвт их орлого оруулж байгааг нь бодвол зөв шийдвэр шиг. Тавантолгойд маш их хулгай луйвар ("Страто" гэх мэт компаниудын) нүүрлэснийг нь харвал буруу шийдвэр юм шиг. Шүүхийн шийдвэрийг нь харвал, би "буруутан", энэ хулгайч этгээд "гавьяатан" болж байх шиг..." гэв.