2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Г гэгч этгээд Дорноговь аймгийн Сайншанд сумаас бага насны хүүхдийг такси үйлчилгээнд явж байгаа мэтээр хууран мэхэлж машиндаа суулган хүчээр авч явж хүчиндэн, улмаар гэмт хэргээ нуун далдлах зорилгоор амь насыг нь хохироосон хэрэг үйлдсэн. Уг хэргийг илрүүлэхэд Сайншанд сумын камержуулалт муу байсан талаар албаны хүмүүс онцолж, улмаар орон нутгийг камержуулахад анхаарах ёстой гэсэн асуудал хөндөгдсөн юм.
Энэ талаар Дорноговь аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Алдархишигээс тодруулахад "Аймгийн хэмжээнд хүүхдийн эсрэг гэмт хэрэг, мөн өсвөр насны хүн холбогдсон гэмт хэрэг жил бүр нэмэгдэж байна. Тиймээс аймгийн прокурорын газраас хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллаж байгаа. Тухайлбал, өнгөрсөн онд энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоож, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажлыг оновчтой тодорхойлох үүднээс сүүлийн 5 жилд гарсан нийт хэргийг судалсан. Дээрх хугацаанд хүүхэд хохирсон гэмт хэрэг 184 бүртгэгдсэнээс 102 буюу 55 хувь нь бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг байгаа нь нэлээд анхаарал татсан. Тиймээс аймгийн прокурорын газраас санаачлан Дорноговь аймгийн хүүхэд хамгааллын байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулсан.
Аймгийн бүх шатны Засаг дарга, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, шүүгч, прокурор, өмгөөлөгч, цагдаа, шүүхийн шинжилгээний байгууллагын алба хаагчид болон Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүд, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, ерөнхий боловсролын сургуулийн захирлууд, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч зэрэг 200 орчим хүн оролцсон томоохон зөвлөгөөн болсон. Зөвлөгөөнөөр урьдчилан сэргийлэх чиглэлээр авах арга хэмжээг тодорхойлж, хүүхэд хамгааллын байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, төрийн болон төрийн бус байгууллагуудаас хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд хийж хэрэгжүүлбэл зохих 12 үүрэг чиглэл бүхий шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тухайлбал, хүүхэд хамгаалал, иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлтийг сайжруулах зорилгоор аймгийн төв Сайншанд хотыг бүрэн камержуулахаар орон нутгийн өмчийн 1.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендер зарлагдсан байгаа" хэмээлээ.