СНийт нутгийн хэмжээнд өнгөрөгч долоо хоногт цас их хэмжээгээр орсны улмаас малчид хүндхэн нөхцөл байдалтай байгаа юм. Тэгвэл зудын нөхцөл байдалтай холбоотойгоор Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр "Зуднаар хорогдсон малын махыг хүнсэнд хэрэглэнэ гэсэн асуудал байж болохгүй. Мэргэжлийн байгууллагууд үүнд онцгой хяналт тавьж ажиллаж байгаа. Энэ нь нийгмийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг болох бөгөөд хэрвээ ийм асуудал гарвал эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ" гэлээ.
Мөн "Малчид зээл тэглээд, хүүг нь чөлөөлөөд өг гэж хэлээгүй. Харин зээл төлөлтийг хойшлуулж өгөх хүсэлт тавьсан. Тиймээс би орон нутагт ажиллаад ирснийхээ дараа банкны удирдлагуудтай ярилцаж зээлийг хойшлуулах арга хэмжээг авсан. Тэгээд ч малчны зээлийг тэглэх болон чөлөөлөх асуудал яригдаагүй, шийдвэрлэгдээгүй. Ийм боломж ч хомс. Зах зээлийнхээ боломж зарчимд нийцүүлээд зээл төлөлтийг хойшлуулах л арга хэмжээ авсан гэж ойлгох хэрэгтэй" гэсэн юм.