УИХ-ын дарга Г.Занданшатар Хөрөнгө оруулалтын тухай хуульд тусгагдсан гадны иргэн, аж ахуйн нэгжид газар ашиглах, эзэмшүүлэх зохицуулалтын талаарх болон нээлттэй сонсгол зохион байгуулах асуудлаар мэдээлэл хийсэн.
Монгол Улсын иргэн Н.Номун-Эрдэнэ “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” сэдэвтэй нийтийн өргөдлийг УИХ-ын “D-Өргөдөл” цахим системд нийтлүүлснийг энэ сарын 19-ний байдлаар буюу 17 хоногийн хугацаанд 100.252 иргэн дэмжиж гарын үсгийг зурсан тул УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу иргэдийнхээ засаглах эрхийн хүрээнд гаргасан энэхүү саналыг хүлээн авч, хэлэлцэж холбогдох байгууллагуудад уламжлах зохицуулалттай.
Иймд УИХ-аас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг боловсруулан УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцүүлэхэд, Байнгын хороодын бүх дарга нар дэмжсэн гэдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглэсэн.
Мөн энэхүү хуулийн төсөлд Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг бүрэн хангахыг мэдэгдэв.
Түүнчлэн "Газрын тухай хуулийн хэрэгжилт ил, тод бус байна. Иргэд 0.07 га газраа тэгш, шударгаар эзэмшиж чадахгүй, хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг уламжлах болсон тул Монгол Улсын иргэн бүрд газрыг эзэмшүүлэх асуудлыг УИХ анхааралдаа авахаар болсон" гэв.
Мөн Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төсөвт төлөх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол Хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэлийг хангах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсныг зарлалаа.
Ажлын хэсэг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга нар болон Засгийн газраас Хууль зүй, дотоод хэргийн болон Цахим хөгжил, харилцаа холбооны сайд нарын бүрэлдэхүүнтэй ажиллах аж. Дэд ажлын хэсгийг төрийн хууль, хяналт шалгалтын байгууллагууд болон төрийн бус байгууллагууд, энэ чиглэлээр ажилладаг шинжээчид, эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэй байгуулах бөгөөд Улсын Их Хурлын хаврын чуулган эхлэх өдөр буюу гуравдугаар сарын 15-ныг хүртэл түр хороо байгуулах, сонсгол хийх бэлтгэлийг бүрэн хангаж ажиллахыг үүрэг болгосон байна.