Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Хүйтэн буйр багийн “Төгрөг” гэдэг газар тус сумын харьяат 2 малчин малаа хариулж яваад уулын цасны нуралд өртөж, цасанд дарагдсан тухай дуудлага мэдээлэл энэ сарын 12-ны өдрийн 19:50 цагт ОБГ-т ирсэн байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн 60 км замыг туулан хоёрдугаар сарын 13-ны өдрийн 02:00 цагт очиход малчин Х /29 настай, эрэгтэй/ цасан нурангид дарагдсан байсныг эсэн мэнд олж, Дэлүүн сумын Эрүүл мэндийн төвд хүргэсэн бөгөөд малчин А /26 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.