УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Оюуны өмчийг хүндэтгэхийг уриалжээ. Энэ сарын эхээр зохиогчийн эрхтэй холбоотой асуудал сөхөгдөж, ая зохиогч Өөжгий хэд хэдэн дуучдад өгсөн уран бүтээлийнхээ дуулах эрхийг цуцалж байгаа талаар мэдэгдсэн. Монгол Улс бол Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалдаг орон. Тодруулбал,
Монгол Улсын хувьд 1993 оны зургадугаар сарын 22-ны өдөр өөрсдийн Зохиогчийн эрхийн тухай хуулийг хамгийн анх баталж байсан. Тэгвэл хууль тогтоох байгууллагаас анх удаа УИХ-ын дэд дарга С.Одонтуяа зохиогчийн эрхийг хүндэтгэж, хамгаалах санал санаачлах гаргаж, өөрөө манлайлал үзүүлсэн байна.
Гишүүний хувьд уртын дуучин Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нараа өөрсдийн нь шинэчлэн найруулж дуулсан "Цагаан сар" дууг мэндчилгээндээ ашиглаж байх зөвшөөрлийг авсан байна. Энэ талаар тэрбээр нийгмийн сүлжээндээ,
"Үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж буй авьяаслаг гэр бүл уран бүтээлчид Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нараас Монгол ардын дуу "ЦАГААН САР" дууг шинэчлэн найруулан дуулснаар нь мэндчилгээндээ оруулахдаа зөвшөөрөл авлаа. Оюуны өмчийг хүндэтгэж дээдэлцгээе" гэсэн байна.