Урлагын салбараас бие биеэ олж, олны хайр хүндэтгэл, итгэлээр хайр сэтгэлээ "өрдөж" яваа залуу гэр хосууд их. Тэдний нэг нь залуу жүжигчин О.Итгэл, Т.Энэрэл нар. Монгол Улсын хүүхэлдэйн театрын жүжигчин Т.Энэрэлийг тайз, дэлгэцэнд бүтээсэн олон сайхан дүрээр нь андахгүй мэдэхээс гадна бид бүхний сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн "Хөхөө гэрлэх дөхлөө" киноны Хөхөөгийн дүрийг бүтээсэн Б.Дашдаваа агсны ач охин гэдгээр нь онцлон таних юм.
Харин түүний нөхөр СТА жүжигчин О.Итгэл нь "Инээмтгий хүн" жүжгийн Баркельфедрогийн дүрээр 2023 оны "ГЭГЭЭН МУЗА-17" наадмаас "Шилдэг залуу уран бүтээлчээр" тодорсон авьяаслаг залуу уран бүтээлч билээ.
Харин урлагийн гал тогоо дотроос гэр бүл болсон энэхүү хосуудын хайрын түүхийг мэдэхийн хүсдэг олон хүмүүс бий гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл Гэгээн хайрын өдрийг тохиолдуулан тэдний хайрын түүхийг уншигч танд хүргэж байна.
-Маш их дурсамж, үнэ цэнийг бүтээсэн нь гэр бүл бат бөх болох үндэс болсон гэж боддог-
МУСТА жүжигчин Т.Энэрэл ярихдаа "Бид хоёр 2009 онд анх танилцсан. 2009 оноос хойш манай нөхөр Санкт-Петербург хотод дөрвөн жил жүжигчин мэргэжлээр суралцаад ирсэн. Бид хоёр байнгын холбоотой байсан. Энэ хүн миний суух мөн үү, биш үү гэдгийг хараад зургаан жил өнгөрсөн. Тэрний минь сэтгэл хувираагүй. 2014 онд нөхөр маань сургуулиа төгсөж ирсэн. Төгсөж ирээд онгоцны буудлаас "Хувцсаа бэлдээрэй, одоо сууя“ гээд залгаж байсан. Нээх хөөрхөн. Ер нь маш романтик, хөгжилтэй хүн л дээ. Нэг л мэдэхэд суусан.
2014 онд төгсөж ирээд намар нь дуучин н.Чинбаярын "Хайр амталсан өдрүүд" дууны клипэнд тоглосон. н.Чинбаяр бол манай нөхрийн арван жилийн ангийн найз нь. Ингэхдээ манай нөхрийг "Би клиптэй болох гээд дөрвөн жил энэ хүнийг хүлээлээ" гээд клип хиймээр байна гэсэн. Тэр үед клипний зохиолыг бид хоёр бичиж байсан. Дараагаар нь дуучин Хишигдалайгийн "Хайрын далавч" уран бүтээлийн клипнийх нь зохиолыг бид хоёр бичиж байсан.
Одоо харахад үнэхээр гоё дурсамжтай байдаг. Тэрнээс биш бид хоёр клипэнд сонгогдоод тоглосныхоо дараа суусан биш. Аль дээр бие биетэйгээ танилцаад, дурлаад, зургаан жилийн турш өчнөөн зүйлийг туулсан. Юу юугүй хурдан суусан биш. Дурсамж, үнэ цэнээ бүтээсэн. Хол байсан. Ирж, очин байсан. Энэ бүх зүйл гэр бүлийн бат бөх байдалд нөлөөлсөн гэж боддог. Хосуудын хувьд гэж хэлэхэд, үнэт зүйл ихтэй. Жишээлбэл, жижигхэн хэрүүл болоход хосууд тэрийг нь тэвчиж чадахгүй саллаа гэдэг. Гэтэл би энэ хүнтэй байхын тулд юу тууллаа, ямар романтик байлаа, энэ хүнгүй бол ямар байлаа гээд л энэ бүхний үнэ цэнийг бүтээсэн гэж боддог. Одоо ч бүтээлцсээр явна. Одоо хоёр хүүхдийн аав, ээж болсон байна" гэв.