Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: Туулай жил системийн авлигын эсрэг тууштай зогссон түүхэн тэмцлийн жил байлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 28 секунд

Мэндчилгээ

Улирах өвлийг өнтэй давж, урин хаврыг угтан бэлгэдэж, азай буурлуудынхаа амар мэндийг айлтган золгохоор алд цэнхэр хадгаа барьж, ахан дүүсээрээ хуран цугласан эрхэм монголчууд аа,

Та бүхэндээ төрт ёсны мянга мянган жилийн түүхэн уламжлалтай их баяр Цагаан сар, XVII жарны модон луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний мэндийг дэвшүүлье.

Улирч буй усан туулай жил монголчууд бидний хувьд өнгөрсөн 30 жилийн нийгэм, эдийн засгийн явцад дүгнэлт өгч, шинэ 30 жилийг эхлүүлэх суурь реформыг хэрэгжүүлж, системийн авлигын эсрэг тууштай зогссон түүхэн тэмцлийн жил байлаа.

Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, Хөгжлийн банк, нүүрсний хулгай, Боловсролын зээлийн сан зэрэг авлигын олон асуудлыг үе шаттайгаар ил гаргаж, олон нийтийн мэдэх эрхийг хангалаа.

30 жилийн гажуудсан тогтолцоо, гаарсан хулгайгаа илчлэн тэмцэж байж шинэ 30 жил илүү бодитоор, илүү утга учиртайгаар эхлэх болно гэж үзэж байна.

Авлигын эсрэг тэмцэл эрчимжиж, уул уурхайн далд эдийн засаг илчлэгдсэний үр дүнд Хөгжлийн банкны эргэн төлөлт 1.4 их наяд давж, бондуудын өрийг дахин зээл авахгүйгээр бүрэн төлснөөр Монгол Улс өрийн дарамтаас ангижирч, дампуурлын эрсдэлээс 12 жилийн дараа гарлаа.

2023 онд эдийн засгийг тогтворжуулах Шинэ сэргэлтийн бодлогыг тууштай хэрэгжүүлж, боомтын хүчин чадлыг өргөтгөж, төсвийн хэмнэлтийн бодлогыг эрчимжүүлж ажилласны үр дүнд эдийн засгийн өсөлт 5.4 хувь болж, дотоодын нийт бүтээгдэхүүн 62.4 их наядад хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5000 ам доллар болж, төсвийн орлого 1.8 их наядаар давж, цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүллээ.

2023 онд “Welcome to Mongolia” уриан дор “Монголд зочлох жил” аяныг өрнүүлж, эх орноо олон улсад сурталчилж, аялал жуулч­лалын эрхзүйн шинэ орчныг бүрдүүлж, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтын урсгалыг эрс нэмэгдүүлж, түүхэндээ хамгийн олон жуулчдыг хүлээн авч, анх удаа аялал жуулчлалын салбараас 1 тэрбум ам.долларын орлого бүрдүүлж чадлаа.

2023 онд Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, Улсын Их Хурлын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлж, сонгуулийн бүсчилсэн холимог тогтолцоог нэвтрүүлснээр сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлэх боломж бүрдлээ.

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанид тогтоосон онцгой дэглэм нүүрсний ил тод байдлыг хангаж, далд эдийн засгийг ил болгосны үр дүнд “Эрдэнэс Тавантолгой” компани анх удаа 2022 оны жилийн эцсийн дүнгээр 1.3 их наяд төгрөг, 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 3.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар иргэдийн 1072 хувьцааны 2022 оны ногдол ашгийг иргэн бүрд шилжүүллээ.

Эрхэм Монгол ахан дүүс ээ,

Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилж байна. Урин хавар угтан золгож, газар дэлхий өнгөө засаж байна.

Угтан ирж буй модон луу жил Монгол Улсын Засгийн газар Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгож, Шинэ сэргэлтийн бодлогын Хот хөдөө­гийн сэргэлтийг хэрэгжүү­лэхэд зориулан ажиллахаар төлөвлөсөн.

“Мянганы зам” төслийг үргэлжлүүлж, аймгийн төвүүдийг хооронд нь холбох “Хөдөөгийн сэргэлтийн таван цагариг” авто замын бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлж, 2024 онд багтааж, 1300 км авто замын төслийг шинээр эхлүүлнэ.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бий болсон орлогын тэгш бус байдлыг бий болгосон байгалийн баялаг, нийслэлийн газар, өмч хувьчлалын талаар бодитой дүгнэлт хийж, эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүртээмжтэй болгоход чиглэсэн авлигын эсрэг тэмцэл тууштай үргэлжлэх болно.

Олон жилийн хугацаанд мэтгэлцсэн боловч бодит шийдэлд хүрч чадаагүй байгалийн баялгийн өгөөж иргэн бүрд шууд хүртээмжтэй байх, төсвийн давсан орлогыг тэгшитгэн хуваахгүйгээр хөгжлийн томоохон төслүүдэд шууд хөрөнгө оруулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн баялагтаа эзэн байх суурь зарчмыг бодитоор хэрэгжүүлэх болно.

“Амны бэлгээс ашдын бэлгэ” гэдэг ардын сайхан үг бий. Удахгүй шинэ төлийн дуу цангинаж, урин цагийн салхи наашилна.

Ужгирсан асуудлууд бүрэн цэгцлэгдэхэд хугацаа хэрэгтэй ч, улс орон маань углуургаараа өөрчлөгдөж, авлига, хариуцлагагүй байдлын түнэр харанхуйг үлдэн хөөсөн МАНДАХ нарны туяа тусаж, шинэ 30 жил ийнхүү эхэлж байна.

Та бүхэн сайхан шинэлээрэй.

Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ

Д.Амарбаясгалан: Харьж буй туулай жилд эдийн засаг өсөж, иргэдэд үр өгөөжөө өгч эхлээд байна
Д.Амарбаясгалан: Харьж буй туулай жилд эдийн засаг өсөж, иргэдэд үр өгөөжөө өгч эхлээд байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.