Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТУУЛАЙ ЖИЛ: Монгол Улсад ямар үйл явдлууд ӨРНӨВ...

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
17 минут 22 секунд

Улиран одож буй “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилд өрнөсөн онцлох үйл явдлуудыг UBN сайт нэхэн сануулж байна.

Туулай жилд Монголчууд Х Богдоо тодруулсан, төрийн өндөр дээд хэмжээний айлчлалууд амжилттай хэрэгжсэн, “Тамгагүй төр” жүжиг Лондон хотын алдарт “Колизей” театрт “Монгол хаан” нэрээр тоглогдсон гэх мэт гэгээлэг сайхан мэдээ олон байлаа.

Сайны хажуугаар саар гэгчээр 60 жил тохиогоогүй том үерт 10 сартай хүүхэд эндсэн, их хэмжээний газ дэлбэрч, онцгойгийн алба хаагчдаа цаг бусаар алдсан гэх мэт харамсалтай үйл явдлууд ч их байв.

X БОГДОО ТОДРУУЛАВ

Монголчуудын талаас илүү хувь нь бурхны шашин шүтдэг. Энэ бол Х Богдын ямар их нэр нөлөөтэй болохыг харуулж буй үзүүлэлт. Ирээдүйд Монголын бурхны шашны тэргүүнээр өргөмжлөгдөх энэ бяцхан хүү туулай жилийн онцлох эрхэм байлаа. Түүнээс гадна ихэр ахан дүүсийн төрж, өссөн гэр бүлийн талаар бид бүхэн улиран одож буй жилд хамгийн их сонирхож өнгөрүүллээ. Угтан ирэх он жилүүдэд геополитикийн олон, олон даваа нугачааг бид туулах учраас Х Богдоо илүү ихээр хайрлах буй за.

ТҮҮХЭН АЙЛЧЛАЛУУД

XXI зуун гарсаар дэлхий дахинд даяаршил улам бүр тэлж, улс орнууд гадаад харилцаагаа энэ тэргүүнд чухалчлах болсон билээ. Энэ утгаараа Монгол Улс ч гадаад талдаа анхаарч, энэ чиглэлд ололт амжилттайгаар урагшилж байна. Үүнд төрийн өндөрлөгүүдийн үүрэг ч өндөр. Тэгвэл өнгөрсөн туулай жилд Ерөнхийлөгч БНХАУ, АНУ, Киргиз, Франц, Вьетнам, Лаос зэрэг олон улс руу айлчлал хийжээ. Түүнчлэн, Монголд гаднын улсын төрийн тэргүүнүүд айлчлан ирсэн нь түүхэн үйл явдал байлаа. Тухайлбал, тавдугаар сард Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон хүрэлцэн ирж, хоёр улс худалдаа, эдийн засаг, сансар судлалын салбарт хамтран ажиллахаар тогтсон. Мөн Польш улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргийн хамт Монгол Улсад хүрэлцэн ирсэн, Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис айлчилсан гэх мэт өндөр ач холбогдолтой айлчлалууд олон байсан нь туулай жилийн онцлох үйл явдал байлаа.

ТОМЧУУДЫН БУЛХАЙГ ИЛЧИЛСЭН ХӨГЖЛИЙН БАНК БОЛОН НҮҮРСНИЙ ХУЛГАЙН СОНСГОЛ

Хөгжлийн банкны сонсгол, Нүүрсний сонсголыг зохион байгуулсан явдал энэ парламентын түүхэнд сонирхолтой нэгэн шинэ хуудсыг бичиж үлдээв. Энэ хоёр түр хороог одоогийн ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ахалж, дуусгав. Монгол Улсын Хөгжлийн банктай холбоотой хэргийн Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг гурван үе шаттайгаар хийж, 672 хүнийг гэрчээр дуудсан ч 356 буюу 53 хувь нь оролцсон. 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрөөс эхэлж, ажлын 47 өдөр тасралтгүй үргэлжилсний эцэст гэм буруугийн дүгнэлтээ танилцуулсан. Улмаар 48 иргэнийг цагаатгаж, 32 иргэн, дөрвөн хуулийн этгээдийг гэм буруутайд тооцов.

Түүнчлэн "40 их наяд"-ын хулгай гэх нүүрсний хулгайн талаарх сонсголыг хоёр үе шаттайгаар зохион байгуулсан билээ. Эхний сонсголд давхардсан тоогоор 275 гэрч дуудсанаас 221, хоёр дахь үе шатанд давхардсан тоогоор нийт 577 гэрч дуудсанаас 419 нь ирж оролцсон байдаг.

ШИНЭ ХАМБЫГ ШИРЭЭНД НЬ ЗАЛАВ

Гандантэгчэнлин хийдийг 31 жилийн турш толгойлсон хамба лам Д.Чойжамц өөрийн хүсэлтээрээ ажлаа өгсөн нь энэ жилийн онцлох үйл явдлуудын нэг байлаа. Түүний оронд сүсэгтэн олны дунд “Монгол багш” гэж алдаршсан Лхаарамба Д.Жавзандорж өнгөрсөн оны 11 дүгээр сард Гандантэгчэнлин хийдийн шинэ тэргүүн хамбаар залрав. Ирээдүйд Х Богдтой үйл хэргийн нарийн чанд холбоотой ажиллах түүнийг Монгол дахь буддын шашинд зохих өөрчлөлтийг авч ирнэ гэж сүсэгтэн олон хүлээж буй юм. Ямартаа ч тэргүүний суудалд заларсан даруйдаа тэрбээр бурхан шашны номыг төрөлх Монгол хэлээрээ уншдаг болох асуудлыг хөндсөн юм.

2030 ОН ГЭХЭД ДЭЛХИЙД ДӨРӨВДҮГЭЭРТ ЭРЭМБЭЛЭГДЭХ ГҮНИЙ УУРХАЙН ОЛБОРЛОЛТ ЭХЭЛЛЭЭ

Туулай жилд “Rio Tinto” групп Монгол Улс дахь зэс-алтны уурхайнхаа гүний уурхайн олборлолтыг эхлүүллээ. Олон жил хойшлогдож, Монголын Засгийн газартай олон тэрбум ам.долларын зардлын асуудлаар маргалдсаны эцэст энэхүү өргөтгөл ашиглалт орсон нь уг уурхайг дэлхийн хамгийн том уурхайнуудын нэг болгох юм.

“Rio Tinto”-гийн мэдээлснээр, 2030 онд олборлолтынхоо оргил үед Монгол дахь уурхай нь жилд хагас сая тонн зэс олборлож, дэлхийн зэсийн дөрөв дэх том эх үүсвэр болно. Энэ нь зургаан сая орчим цахилгаан авто машин үйлдвэрлэх, эсвэл 60 том салхин цахилгаан станц барихад хангалттай хүрэлцэхүйц хэмжээ аж.

“МОНГОЛ ХААН” ЛОНДОНГИЙН КОЛИЗУМ ТЕАТРЫН ТАЙЗНАА “АМИЛАВ”

Б.Баатар найруулагчийн тайзнаа толилуулсан “Тамгагүй төр” жүжиг Лондон хотын алдарт “Колизей” театрт “Монгол хаан” нэрээр 17 удаа тоглогдов. Өдөрт хоёр удаагийн давтамжтайгаар танхим дүүрэн үзэгчтэй байсан “Монгол хаан” жүжгийг нийтдээ 40 гаруй мянган үзэгч үзсэн гэдэг тоо статистик гарсан байдаг.

АВЛИГЧДЫГ "АГНАХ" “5Ш” АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭВ

Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, улмаар 5Ш ажиллагааг эхлүүлсэн нь туулай жилийн бас нэгэн онцлох үйл явдал байлаа. Тус ажиллагаануудын дүн онц хүнд гэмт хэрэгт шалгагдаж байгаад хил гарч зугтсан этгээдүүдийг авч ирж шалгах, тусгай сан болоод нийслэл дэх газар олголт, төрийн өмчийн компаниудтай холбоотой мэдээллийг шилэн болгосон юм.

  • Шүгэл ажиллагаа, Шүгэл үлээгчийг дэмжих
  • Шүүр ажиллагаа Орлогоо батлаагүй албан тушаалтнуудыг чөлөөлөх
  • Шувуу ажиллагаа Оргон зайлсан хэрэгтнүүдийг татах
  • Шилжүүлэн авах ажиллагаа Оффшор дахь хууль бус хөрөнгийг авах
  • Шил ажиллагаа Удирдлагын шилэн зохион байгуулалт

УИХ-ЫГ 126 ГИШҮҮНТЭЙ БОЛГОХООР ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧИЛЛӨӨ

УИХ-ын 126 гишүүнтэй болох ҮХӨ-ийг баталлаа. Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын сонгуулийн холимог тогтолцоотой байхаар суулгаж, УИХ-ын гишүүний тоог 126 байхаар эцэслэн баталсан нь түүхэн шийвдэр болж үлдэв.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулж буй өөрчлөлт:

1-р зүйл: Монгол Улсын Үндсэн хуулийн 21-р зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчилсүгэй.

  1. УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байх. УИХ-ын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулах. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно гэж өөрчилсөн юм.

Х.НЯМБААТАР НИЙСЛЭЛИЙН 36 ДАХЬ ЗАСАГ ДАРГААР ТОМИЛОГДЛОО

"НО"-той ногоон автобусны асуудлаар Хотын дарга Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр ажлаа өгч, ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатар нийслэлийн 36 дахь Засаг даргаар томилогдлоо. Тэрбээр, Хотын даргаар томилогдсоныхоо дараа "Алсдаа эм мэт тустай, ойрын үедээ давс мэт гашуун зарим шийдвэрийг гаргахаас өөр аргагүй" хэмээн мэдэгдэж байсан юм.

БЗС-ИЙН БУЛХАЙ ИЛЧЛЭГДЭЖ, "БОРЧУУДЫН" ХҮҮХДҮҮДЭД НЭЭЛТТЭЙ БОЛОВ

Өнгөрсөн хавар БЗС-гийн луйвар дэлгэгдэж, нийгмээрээ баян, ядуугаараа талцахад хүргэсэн. Товчхондоо бол хэн гэдэг дарга, сайдын хүүхэд хэдэн төгрөгийн зээл авсан. Түүнийгээ буцааж төлсөн эсэх гээд олон асуудал нийтэд ил болж, төлөгддөггүй гэх тодотголтой БЗС-ийн зээл эргэн төлөгдөж эхэлсэн байдаг.

Үүнээс гадна, БЗС-ийн зээл олгох процесс ил тод нээлттэй болж, эрх мэдэлтнүүдийн хүүхдүүдэд л олддог байсан гэх тэр боломж энгийн иргэдийн хүүхдүүдэд ижил тэгш, хүртээмжтэй байдлаар хүрдэг болсон хэмээн иргэд ам сайтай байгаа.

Анх энэ талаар шүгэл үлээсэн хүн нь Уул уурхайн дэд сайд асан О.Батнайрамдал. Нүднээс далд өрнөж, түмний хүүхдийн боломжийг хулгайлж байсан эл процессыг илчилж, шүгэл үлээснээр улстөрчид, баячуудын хулгай, луйврын үүр байсан БЗС иргэд, олон нийтэд ил тод болсон нь энэ жилийн бас нэгэн онцлох үйл явдал байлаа.

ТҮРҮҮ БӨХӨӨС ДОПИНГ ИЛРЭВ

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү бөх улсын арслан М.Бадарчаас допинг илэрлээ. Энэ нь Үндэсний их баяр наадмын түрүү бөхөөс допинг илэрсэн хоёр дахь тохиолдол юм. Тэрбээр, допингийн хариуг хүлээн зөвшөөрөхгүй, Арбитрийн шүүхэд хандана хэмээн мэдэгдэж байсан ч хэсэг хугацааны дараа чимээ алдарсан юм.

М.Бадарч допинг хэрэглэсэн нь тогтоогдож, цолоо хураалгаснаар дараах бөхчүүд цол, чимэг нэмсэн юм.

  • Аймгийн хурц арслан Бүрнээгийн Баянмөнхийг тав давсанд тооцож УЛСЫН НАЧИН
  • Өсөх идэр начин Эрдэнэбатын Дашийг зургаа давсанд тооцож УЛСЫН ХАРЦАГА
  • Улсын харцага Сүхбаатарын Сүхбатыг долоо давсанд тооцож УЛСЫН ЗААН
  • Улсын гарьд Цэрэнсодномын Бямба-Отгоныг ес давсанд тооцож УЛСЫН АРСЛАН цол хүртээж Улсын аварга Оргихын Хангайд “ҮЛЭМЖ БАДРАХ” чимэг олгосон байдаг.

ЗХ3 САГСНЫ ЭРЭГТЭЙ БАГ АЗИЙН АВАРГА БОЛЛОО

Монгол Улсын 3х3 эрэгтэй сагсан бөмбөгийн шигшээ баг нь Сингапурт өнгөрөгч оны гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 2-нд явагдсан "2023 FIBA 3x3 Asia cup" тэмцээнд хоёр дахь удаагаа түрүүлж, Азийн аварга болсон юм. Тэдний бүрэлдэхүүнд Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, А.Ананд, О.Энхбаатар нар багтдаг.

МОНГОЛ ЗАЛУУС "PUBG MOBILE"-ИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО

Цахим спортын PUBG Mobile төрлийн “PMGC 2023” тэмцээнд Монголын IHC баг тэргүүлж, Дэлхийн аварга боллоо.

Түүгээр зогсохгүй Монголын Stalwart Esport баг дэд байрт, 4Merical Vibes баг дөрөвдүгээр байрт шалгарч, топ дөрвөн байрын гурвыг нь эзэлснээр Монголын E спортын залуус ДАШТ-ийг байлдан дагууллаа.

НО-ТОЙ НОГООН АВТОБУС

БНСУ-ын "Zyle daewoo" үйлдвэрээс "Евро 5" хөдөлгүүртэй, 100 ширхэг ногоон автобусыг энэ намар оруулж ирсэн ч "Евро 2" хөдөлгүүртэй, хуучин автобус болох нь тогтоогдсон. Үүнтэй холбоотойгоор Хотын дарга, түгжрэлийн сайд гээд өндөр дээд албан тушаалтнууд ар араасаа суудлаасаа ховхорч, "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал болон Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга тэргүүтэй олон хүн шалгагдаж байна. Хамгийн сүүлд АТГ-аас өгсөн мэдээллээр “Ногоон автобусны” гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийсэн гэдгийг хуулийн байгууллага тогтоосон байна. Хохирол 134.5 тэрбум төгрөг бөгөөд үүнээс мөрдөгчид 11.9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан гэдэг мэдээллийг өгөөд буй юм.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН САЛБАРТ 13 ЖИЛ ХИЙГДЭЭГҮЙ ПАРК ШИНЭЧЛЭЛ ХИЙГДЭВ

Нийслэл хот 600 автобусаар парк шинэчлэл хийж, "будаг нь ханхалсан" шинэ автобусууд зорчигчдод үйлчилж эхлэв. Автобусны хүрэлцээ, хүртээмж, хүлээгдэл гэх мэтчилэн толгой өвтгөсөн асуудлууд бүрэн шийдэгдсэн гэж хэлэхгүй ч хүйтэн, тав тухгүй, хуучирсан гэх иргэдийн бухимдал бага ч атугай ажрав.

ТУУЛАЙ ЖИЛ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЖИЛ БАЙЛАА

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улсад 600 мянга орчим жуулчин ирж нэг тэмбум ам.долларыг дотоодын эдийн засагт оруулжээ. Өмнөд Солонгосын одод буюу бидний нэрлэж заншсанаар Хан Ги Тэ тэргүүтэй алдартай жүжигчид оролцсон, JTBC телевизийн бүтээл “Шуудан ирлээ” /Couriers in Mongolia/ нэвтрүүлгийн баг болон Nas Daily-ийн үүсгэн байгуулагч Нусейр Ясин, БНСУ-ын плас сайз моделиуд гэх мэт олон алдартнууд Монголд ирсэн нь энэ жилийн аялал жуулчлалын онцлох үйл явдал байлаа.

ТӨРИЙН НААДМЫН ТҮРҮҮ АТГАЖ, ТҮМНИЙ ХАЙРЫГ ТАТСАН "ТӨГС" УЯАЧ

Улсын наадмын од, ард түмний "алдарт" уяач Э.Улаанхүү. Дундговь аймгийн Луус сумын харьяат аймгийн алдарт уяач Эрдэнээгийн Улаанхүүг онцолж байна. Тэрбээр өнөө жилийн Ардын хувьсгалын 102 жилийн ойн их баяр наадамд хар шүдлэнгээ түрүүлгэж олны хайр хүндэтгэлийг хүртсэн нэгэн юм. Олон ардын уухайн түрлэгт цоллуулсан, түүний хар үрээг “Түмний хар” хэмээн нэрийдэж буй.

Түүгээр ч барахгүй түүний морь, уяа хоёрын үнэлгээ тэрбумаар тоологдох хэмжээнд хүрсэн нь гайхамшигтай.

МОНГОЛ АВРАГЧИД АНХ УДАА ГАДААД УЛСАД АВРАХ АЖИЛЛАГААГ АМЖИЛТТАЙ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

Монгол аврагчид Бүгд Найрамдах Турк Улсад эрэн хайх, аврах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ болон хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн нь туулай жилийн бас нэг түүхэн үйл явдал байлаа. Эргэн сануулбал, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан манай улсын аврах баг Турк улсад 10 хоногийн хугацаанд 20 орчим цэгт ажиллаж нийт найман хүний амь насыг авран хамгаалж, 19 цогцсыг холбогдох байгууллагад, мөн 20.000 доллар болон үнэт эдлэлийг цагдаагийн байгууллага, ар гэрт нь хүлээлгэж өгч, эрэлч нохойн тусламжтайгаар 45 цогцсыг илрүүлж өндөр хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж чадсан юм.

НИЙСЛЭЛҮҮДИЙГ АЙДАСТ АВТУУЛЖ, ДӨРВӨН ХҮНИЙ АМИЙГ АВЧ ОДСОН ИХ ҮЕР

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт буусан үерийн улмаас дөрвөн хүн /1 хүүхэд/ харамсалтайгаар амиа алдаж, 356 өрх, 25 аж ахуйн нэгж, байгууллага, 105 автомашин үерт өртсөн харамсалтай үйл явдал болов. Хэдхэн минутыг хүчтэй бороо хэчнээн их аюулыг дагуулж болохыг харуулж, хэрхэн яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэгт анхаарал хандуулах цаг болсныг нотлон харуулсан юм.

63 ӨРХИЙГ ОРОН ГЭРГҮЙ БОЛГОЖ, ОНЦГОЙГИЙН АЛБА ХААГЧДЫН АМИЙГ АВЧ ОДСОН ДЭЛБЭРЭЛТ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт их хэмжээний газ ачсан автомашин, патрол маркийн машинтай шүргэлцсэний улмаас гал гарч, галыг унтраахаар ажиллаж байсан 3 алба хаагч амиа алдсан. Мөн 63 айлын орон сууц галд өртөж, 14 хүн бэртэн эмнэлгийн тусламж авч байсны хоёр нь эмчилгээний явцад амьсгал хураасан. Одоогоор хоёр хүний биеийн байдал маш хүнд, амьсгалын аппаратын тусламжтайгаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгаа юм. Туулай жилийн төгсгөлд болсон эл үйл явдал олон асуудлаар нийгэмд "шүгэл үлээж", олон зүйлд анхаарах шаардлагатайг нийслэлчүүдэд санууллаа.

ГССҮТ: Дэлбэрэлтэд өртсөн 2 хүний биеийн байдал маш хүнд буюу амьсгалын аппаратын тусламжтайгаар эмчилгээ хийлгэж байна
ГССҮТ: Дэлбэрэлтэд өртсөн 2 хүний биеийн байдал маш хүнд буюу амьсгалын аппаратын тусламжтайгаар эмчилгээ хийлгэж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.