Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МСНЭ болон зарим ТББ-ын төлөөлөл аливаа шүүх хуралдааныг ажиглах, сурвалжлах боломжийг бүрдүүлэх зэрэг нээлттэй байдлыг сайжруулах санал гаргалаа

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
4 минут 6 секунд

Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаас санаачлан шүүх, хууль, сэтгүүл зүйн салбарын төлөөллийг оролцуулсан “Шүүхийн нээлттэй, ил тод байдал (сорилт-өөрчлөлт-ирээдүй)” уулзалт, хэлэлцүүлэг 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгууллаа.

Уулзалт, хэлэлцүүлэгт Улсын дээд шүүх, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Үндсэн хуулийн цэц, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, “Ханнс-Зайделийн сан”, “Нээлттэй нийгэм форум”, “Оюуны инноваци”, “Глоб интернэшнл төв” төрийн бус байгууллага, “Хэвлэл мэдээллийн зөвлөл” болон өмгөөллийн фирмүүд, телевиз, сонин, сайтын төрөлжсөн холбоод, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

Шүүхийн нээлттэй, ил тод байдлыг хангах эрх зүйн орчин, өнөөгийн байдал, тулгарч буй бэрхшээл, цаашдын зорилтын талаар хэлэлцүүлгийн эхэн үед хөндөж санал солилцлоо.

Захиргааны шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд 2024 онд шүүхийн нээлттэй, ил тод байдлыг сайжруулах зорилт тавьж, тодорхой ажлууд санаачилж байгаагаа Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа танилцуулж, олон нийтийг үнэн, тэнцвэртэй мэдээллээр хангах зорилтыг хэрхэн хэрэгжүүлэх талаар оролцогчид байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа, шүүх хуралдааны нээлттэй байдлыг хангах, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэх чиглэлээр цахим сайт хөгжүүлэх, шүүх хуралдааныг шууд дамжуулах, шийдвэрийн үндэслэлийг ойлгомжтой байдлаар тоймлож бичиж, мэдээлэх зэрэг тодорхой ажлууд төлөвлөж байгаагаа танилцуулсан юм. Энэ чиглэлээр хуульчид болон хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчидтэй хамтран ажиллаж үнэн, бодит мэдээллийг олон нийтэд хүргэх зорилготой зөвлөл байгуулдаг олон улсын жишгийг санал болгов.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, “Глоб интернэшнл” ТББ болон зарим хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл хэрэг хянан шийдвэрлэх явц, шийдвэрийн талаарх мэдээллийг хараат бусаар шуурхай авах, шүүх хуралдааныг ажиглах, сурвалжлах боломжийг бүрдүүлэх байдлаар нээлттэй байдлыг сайжруулах санал гаргасан юм. Мөн мэдээлэл харилцааны стратеги, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчидтэй харилцах удирдамж гаргах зэргээр ил тод, нээлттэй байх, албан ёсны эх сурвалж болох сувгийг бүх шатны шүүхэд тодорхой болгохыг зөвлөсөн байна.

Шүүхийн бие даасан байдлыг хангахад хуульчид болон хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн үүрэг, оролцооны талаар хэлэлцүүлгийн дараагийн шатанд хөндлөө. Шүүх бие даасан, шүүгч хараат бус ажиллах орчин, нөхцөлд тулгамдаж байгаа асуудлын талаар хуульчид байр сууриа илэрхийлж, сайжруулахад хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан юм.

Хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, “Нээлттэй нийгэм форум”, “Глоб интернэшнл төв”, “Оюуны инноваци” ТББ болон хуульч, сэтгүүлчид зэрэг 20 гаруй төлөөлөл байр сууриа илэрхийлж, тодорхой санал гаргав.

Шүүхийн нээлттэй, ил тод байдлыг сайжруулах чиглэлээр холбогдох баримт бичгийн төсөл боловсруулах, бие даасан байдлыг хангахад өөр өөрсдийн үүргээ тодорхойлох чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.

ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт -13 хэмийн хүйтэн байна
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт -13 хэмийн хүйтэн байна
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.