Улс төрийн нөхцөл байдал энэ долоо хоногт харьцангуй тайван байх шинжтэй байна. Өнгөрсөн долоо хоногт намрын чуулган завсарласан тул гишүүд орон нутаг, тойргууддаа ажиллаж, саарал ордны улс төр түр амсхийж эхлэв бололтой. Одоо гол асуудал нэр дэвшилттэй холбоотойгоор өрнөх нь дамжиггүй.
Тэгвэл энэ өдрүүдэд Засгийн газрын зарим гишүүд БНСУ-д сонирхолтой байдлаар цугласан талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Соёлын сайд Ч.Номин, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, Залуучуудын өвлийн олимпын наадмын Монголын багийн ахлагч Б.Батцэцэг зэрэг сайдууд энэ өдрүүдэд Солонгост цугласан байна. Мөн үүн дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэмэгдэж байгаа аж. Учир нь тэрбээр дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаас буцахдаа БНСУ-аар дамжин, буцаж байгаа юм байна.
Сайдууд чухам ямар асуудлаар Ерөнхий сайдын буцахтай зэрэгцэж БНСУ-д ийнхүү цуглав гэдэг асуулт улс төрийн хүрээнийхэнд анхаарал татах нь гарцаагүй бөгөөд үүнтэй холбогдуулан хэд хэдэн таамаг дэвшүүлж болохоор байна. Өөрөөр хэлбэл, ирэх сонгуультай холбоотойгоор нэр дэвших үйл явц, тойргийн асуудал, цаашлаад нэрсийн жагсаалттай холбоотой асуудлыг ярилцах. Эсвэл ойрын өдрүүдийн Засгийн газрын шийдвэрүүдтэй холбоотой байж мэдэх юм. Эдгээрээс гадна Ардын нам, Засгийн газрын түвшинд гарах зарим улс төрийн шийдвэрүүдийн эхлэл ч байж мэдэхээр байна.
Ямартаа ч сайдууд нэг дор цугласан энэ үйл явц улс төрийн хүрээнд сонирхолтой үйл явц юм. Өмнөх жишгүүдээ харахад ч “Сингапурын уулзалт” гэдэг шиг ямар нэгэн улс төрийн томоохон шийдлүүдийн өмнө иймэрхүү уулзалт, хэлцлүүд Монголын улс төрд өрнөдөг тогтсон бус уламжлалтай билээ.