Төрийн албан хаагчдад зориулсан Монгол бичгийн гарын авлага, Монгол бичгийн заах аргын зөвлөмж, Төрийн албан хаагчийн эх хэлний мэдлэг, чадвар, дадал гэсэн 3 багц бүтээл бэлэн боллоо.
Монгол хэлний тухай хуулийн дагуу Төрийн албан хэргийг 2025 оноос хос бичгээр хөтлөн явуулна.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 144 дүгээр захирамжаар Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ахлуулан байгуулсан.
Ажлын хэсэг Монгол бичгийн үндэсний хөтөлбөрт тусгагдсан 4 зорилт, 69 үйл ажиллагааг 3 чиглэлд хувааж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Төрийн албан хаагчдад зориулсан Монгол бичгийн анхан, дунд, ахисан түвшний гарын авлага, багшийн номыг бэлтгэн Хэлний бодлогын зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолоор баталсан бөгөөд номын нээлтийг Шинжлэх ухааны академийн их танхимд зохион байгууллаа.
Энэхүү гарын авлагыг ашиглаж төрийн албан хаагчдаа бэлтгэж, сургаж, манлайлан ажиллахыг нийт яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Агентлагийн удирдлагуудад уриалж байна.