Өмнөговь аймгийн Ханбогд суманд тээврийн жолооч осолд орсны улмаас биеийн байдал нь хүнд байгаа тухай мэдээллийн дагуу Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ар гэрийнхэнтэй нь холбогдож, улмаар ОБЕГ-т үүрэг өгч Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас маргааш өглөө 08.30 цагт нисдэг тэрэг нисгэхээр боллоо.
Хоёр талын нислэгийн нийт хугацаа 7 цаг гаруй үргэлжлэх тул өнөөдөр нислэг үйлдэх боломжгүй гэж мэргэжлийн баг үзсэн юм.
Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан “Монгол Улс, Монголын төр нэг ч гэсэн иргэнийхээ амь насыг авран хамгаалахын төлөө шаардлагатай бүхнийг хийх болно. Тийм ч учраас ийм яаралтай үед шуурхай тусламж үзүүлэх зорилгоор ОБЕГ-ын дэргэд Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийг 2022 онд байгуулсан. Өнгөрсөн хугацаанд тус анги нийт 94 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, ослын улмаас бэртэж гэмтсэн, газраар тээвэрлэх боломжгүй 133 хүний амь насыг аварч, анхан шатны тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэн, дараагийн шатны эмнэлгийн байгууллагад цаг алдалгүй хүлээлгэн өгөөд байна” гэсэн юм.