Дөрөвхөн настай, сэргэлэн цовоо айлын дундах гүнж Т.Эмүжин охин. Нэг л өдөр цэцэрлэгтээ явсан ч сандлаас унаж, улмаар аюулхайнаасаа доошоо ямар ч мэдээгүй болсон талаар түүний эцэг, эх бидэнд хуваалцсан юм. Инээж хөхрөн, тоглож гүйх насандаа биедээ багтамгүй зүрх зориг, тэсвэр тэвчээрийг тээсэн түүний хувьд Бээжин хотод 5 төрлийн шинжилгээ өгч, чухам юунаас болж өвдсөнөө оношлуулах зайлшгүй шаардлага тулгарсан аж. Сайхан сэтгэлт Монголчуудын буянаар өнөөдөр 35 сая төгрөг цугларсан ч эмчилгээний зардлын 90 сая төгрөг талдаа ч хүрээгүй тул элэг нэгт ахан дүүсээсээ хандивын гараа сунгахыг хүслээ.
Бид охины биеийн байдал хийгээд, эмчилгээний талаар түүний аав н.Түвшинбаяр болон ээж, Д.Дулмаа нартай ярилцсан юм.
-Эмүжин охин өнгөрөгч 11-р сард цэцэрлэгтээ яваад шалтгаан нь тодорхойгүйгээр аюулхайнаас нь доошоо мэдээгүй болсон гэсэн шүү дээ. Тухайн үед юу болсон талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Аав: Охин маань 11-р сарын дундуур цэцэрлэгтээ явсан. Тэгээд өглөө цэцэрлэгтээ орсноос хойш 30-40 минутын дараа багш нь залгаад "Хүүхэд нь сандлаас унаад босч ирж чаддаггүй ээ, уйлаад байна" гэж холбогдсон. Гэтэл цэцэрлэгийнх нь эмч охиныг маань "Ядаргаанд ороод босч ирж чадахгүй, алхахгүй байна" гэж тайлбарласан. Тиймээс Эх нялхас дээр очоод үзүүлтэл
"Нугасны цус харвалт болсон байна. Энэ нь 3 хүчин зүйлээс үүсдэг гэдэг зүйлийг хэлсэн. Энд,
- Цохиж бэртээх
- Янз бүрийн вакцин
- Цусны өвчин гэсэн. Тиймээс бид хоёр Эх нялхас дээр болон хувийн эмнэлгүүдээр явж, цусны шинжилгээ өгтөл цусны шинжилгээ зүгээр гарсан.
Харин вакцины хувьд сайн хэлж мэдэхгүй юм. Өөрсдөө ч гайхаж байгаа. Бидний бодож байгаагаар охин маань унахдаа л эвгүй унасан юм шиг байна лээ. Тэгээд бид эмнэлэгт 1 сар хэвтсэн. Гэтэл охин маань хоол ундаа идэхгүй, тураад, эгч, дүүгээ санаад байхаар нь эмнэлгээсээ 14 хоног гарсан.
Одоогоор хувийн болон уламжлалтын эмнэлгээр үзүүлээд явж байна. Бас нугасны цус харвалт биш нурууны үрэвсэл байж магадгүй гэдэг онош бас шинээр гарч ирсэн. Үүнийг сайн тодруулахын тулд 5 төрлийн шинжилгээ өгөх шаардлагатай юм билээ.
Тэр шинжилгээнүүдийг нь Бээжингийн нэг эмнэлэг хийнэ гэсэн. Тиймээс бид Өвөрмонголчуудтай ярьж байгаад тэнд нэг орчуулагч олсон. Тэгээд тухайн эмнэлэгтэйгээ холбогдтол,
Нурууны үрэвсэл байвал эдгээж болно. Гэмтэж, бэртсэн, няцарсан цус харвалт байвал эдгээх боломжгүй. Дэлхийд эмчилгээ байхгүй гэдэг хариуг өгсөн. Мөн бусад олон эмнэлгүүдэд хандаж үзэхэд хүлээж авах боломжгүй гэдэг хариултыг хэлсэн.
Одоогоор Монголд эмчилгээ байхгүй учраас уламжлалтаар сэргээн засах эмчилгээ хийлгэж байгаа. Толгойноос нь хөдөлгөөн хийдэг гэх мэдээллийг салгаж болохгүй гэсэн. Тиймээс сэргээн засах болон уламжлалтаар явж байгаа. Ихэнх нь гадагшаа явсан дээр гэдэг хариуг өгч байна.
-Цэцэрлэгийн камерын бичлэгийг үзсэн болов уу?
-Аав: Бичлэгийг шүүж үзэхэд 13-14 секундын устгал хийсэн байсан. Манай охин багш зодоогүй гэдэг зүйлийг ярьсан. Хүүхэд худлаа хэлэхгүй учраас бид итгэж байгаа. Яахав сандлаас унаад өмдөндөө шээхэд нь хүүхдүүд их шоолсон, багш нь загнасан гэсэн.
Бид цагдаагийн байгууллагад хандахад, шүүх шинжээч томилж өгсөн. Гэвч одоог хүртэл тодорхой хариу байхгүй байна. Цагдаагаас 10-аад хоногийн өмнө дуудаж уулзаад камерын бичлэг стандартад нийцсэн бичлэг байна гэж хэлсэн. Хүүхэд болон багш нараас мэдүүлэг авна, эргээд хариу өгнө гэсэн ч ямар ч хариугүй байна.
-Эхний ээлжинд шинжилгээгээ өгөх зардлын хэмжээ хэдэн төгрөг гэж тооцоологдож байна?
-Ээж: Яг гэмтэл үү эсхүл вирус нугасанд нь байна уу гэдгийг тогтоохын тулд Бээжин явах шаардлагатай болсон юм. Миний охины байсан ангид камер байхгүй. Хажуу талын өрөөний камерыг шүүж үзэхэд, хэд хэдэн секундээр үсэрсэн байсан. Үүнд багшийг зөвтгөж бас буруутгаж чадахгүй байна.
Хамгийн гол нь бид охиноо хөл дээр нь босгохыг хүсэж байна. Тиймээс бид Бээжин рүү явж үлдсэн шинжилгээнүүдээ өгөх хэрэгтэй болсон. Эхний ээлжинд 90 сая төгрөг хэрэгтэй байгаа юм.
Бид нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд хандивын аянаа зарлаж эхэлсэн. Сайхан сэтгэлт Монголчуудын ачаар 35 сая төгрөг цугласан байна.
-5 шинжилгээ өгөх төлбөр нь л 90 сая төгрөг үү. Тэгэхээр 55 сая төгрөг хэрэгтэй байгаа юм байна?
-Аав: Тийм. Нэг шинжилгээ нь дунджаар 1000 ам.доллар гэх мэдээг өгсөн. Түүнээс гадна эхний удаагийн эмчилгээ нь 50-70 сая төгрөг.
Ээж: Мөн бусад зардлаа бид өөрсдөөсөө гаргаад явж байгаа. Охиныгоо өвдсөнөөс хойш цуглуулсан мөнгө бий. Үнэхээр болохгүй бол машинаа зарж, бүх зүйлээ нийлүүлнэ. Харамсалтай нь байгаа бүхнээ нийлүүлсэн ч хүрэлцэхээргүй байна. 5 шинжилгээ нь 20-30 сая төгрөг дотроо багтчих юм билээ.
Урд эмчилгээг яг тэдэн төгрөг гэж хэлдэггүй юм билээ. Ойролцоо мөнгөн дүнгээ бидэнд хэлсэн.
-Анх охинд ямар шинж тэмдэг илэрч байсан юм бол. Одоо охин хоол ундаа сайн ууж, идэж чадаж байна уу. Өтгөн шингэнээ бас гаргаж чадахгүй байна гэсэн шүү дээ?
-Аав: Анх хөхнийх нь доошоо битүү өвчтэй байсан. Тэгээд унтаж чаддаггүй байсан юм. Одоо бол ямар ч мэдээгүй байгаа. Гижигдэхэд, хүрэхэд ямар ч мэдрэмж байхгүй. Байнга гэдэсний дүүрэнгтэй байгаа. Катетараар шээсийг нь авч, глизмээр өтгөнийг нь гадагшлуулж байна. Хоолондоо харьцангуй сайн байгаа.
-Эмчилгээг яаралтай эхлэх шаардлагатай байгаа тийм үү?
-Ээж: Эх нялхасаас тавьж өгсөн оношоор буюу нугасны цус харвалт удах тусам босох магадлал багасна гэсэн. Тиймээс яаралтай явах шаардлагатай байгаа юм. Одоо охины маань гэдэс л цүдгэр байгаа болохоос булчин нь хатингаршаад, жижигхэн болчихсон байгаа. Тиймээс яаралтай шинжилгээгээ өгч, оношоо батлуулах шаардлагатай байгаа юм.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа. Охин нь хурдан эдгэнэ гэдэгт итгэлтэй байна.
4 настай Т.Эмүжин охиныг эмчилгээндээ явж, хурдан идгэхэд нь Монголын ард түмэн та бүхэн тусалж, хандивын гараа сунгахыг хүсэж байна. Хандивын данс: 5720975904 хаан банк, ээж Д.Дулмаа