Нийслэл Улаанбаатар хотын хүүхэд багачуудад амралт, чөлөөт цагаа зөв, эрүүл өнгөрүүлэх цөөн газрын нэг болох "Улаанбаатар амьтны хүрээлэн" өнгөрсөн оны арванхоёрдугаар сард санхүүгийн асуудлаас болж хаалгаа барьсан гэх харамсалтай мэдээг дуулгасан билээ. 2017 оноос хойш тасралтгүй 6 жил үйл ажиллагаагаа явуулсан тэд ашгаасаа давсан зарлагатай байсан тул ийнхүү үүдээ барьсан байдаг.
Тэгвэл 2024 оны нэгдүгээр сарын 6-наас эхлэн "Улаанбаатар амьтны хүрээлэн" ҮСАХ-ийн тусламжтайгаар шинэ бүрэлдэхүүн, илүү өхөөрдөм, содон амьтад, жилийн 4 улирал ажиллах зохицуулалттайгаар эргэн ирсэн байна.
Амьтны хүрээлэн үзсэнээр дан ганц чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхээс гадна хүүхдийн боловсрол, танин мэдэхүй, байгаль, шинжлэх ухаанд томоохон хувь нэмэртэй юм.
Ийнхүү UBN.mn сайт Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах 4 өнгийн бөмбөгөр байшинг зорьж хүүхэд багачууд сонин, содон амьтдын ертөнцтэй хэрхэн танилцаж байгааг сурвалжиллаа.
"Улаанбаатар амьтны хүрээлэн нь 60 төрлийн 200 гаруй амьтантай"
Улаанбаатар амьтны хүрээлэнгийн ажилтан Б.Лодойсамбуу:
"Манай амьтны хүрээлэн энэ сарын 6-наас эхэлж үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж эхэлсэн. Нийт 60 төрлийн 200 гаруй амьтан байгаа. Амралтын өдрөөр хүмүүс их ирж үйлчлүүлсэн. Ихэнх хүүхдүүд туулай , сармагчныг өхөөрдөж хардаг. Өдөр бүр 11 цагаас 20 цагийн хооронд ажиллаж байгаа бөгөөд тасалбарын үнэ 8000 төгрөг. 1 метрээс доош өндөртэй хүүхдүүд үнэ төлбөргүй амьтадтай танилцаж болно. Хүүхдүүд гаднаас хоол авчирч амьтдад өгч болохгүй. Мөн амьтны тор руу гараа хийх хориотой" гэв.
Бид үргэлжлүүлэн шинэ байршилд нээгдсэн амьтны хүрээлэнг шимтэн сонирхож буй хүүхэд, багачуудын сэтгэгдлийг сонслоо.
" Орог зусаг, туулай хамгийн өхөөрдөм. Харин хортой могой, матраас их айсан"
8 настай сониуч охин: " Би аав, ээжтэйгээ өчигдөр ирэх гэж байсан ч машины дугаар явдаггүй өдөр гээд ирж чадаагүй. Тиймээс өнөөдөр ирж байна. Би багадаа л амьтны хүрээлэнд ирж байсан байх. Сайн санадаггүй юм. Би могойноос их айдаг. Харин хамгийн хөөрхөн амьтан нь орог зусаг, туулай байсан. Одоо миний харж байгаа амьтан орог зусаг юм уу, хамстер жижиг нь юм уу сайн мэдэхгүй байгаа ч хөөрхөн байна. Хэрвээ ийм амьтны хүрээлэн байдаггүй байсан бол сурагчийн амралтаар шүрэн бугуйвч л хийх байсан байх даа. Хүүхдүүд та нар энд ирж ийм хөөрхөн амьтныг харж илээрэй" гэлээ.
-9 настай амьтан сонирхогч охин: "Би анх удаа л амьтны хүрээлэнд ирж байна. Одоогоор надад имж, туулай амьтан хамгийн өхөөрдөм санагдаж байна. Харин зараа их аймар санагдсан .Гэсэн ч дахин ирэхийг хүсэж байна. Миний харж байгаагүй маш олон амьтад байна" гэв.
" Анх удаа төрсөн өдрөөрөө амьтны хүрээлэн үзэж байна"
- Өнөөдөр миний төрсөн өдөр. Би төрсөн өдрөөрөө амьтны хүрээлэн орж үзэж байгаагүй. Өмнө нь нэг удаа ирж байсан ч тогос шувуу байгаагүй. Энэ удаа тогос шувуу харсандаа баяртай байна" гэв.
Бид үргэлжлүүлэн "Улаанбаатар амьтны хүрээлэн"-гийн ажилтан Ж.Бат-Эрдэнээс онцлох амьтдын талаар мэдээлэл авлаа.
-5 болон 6 настай Үкүн, Мандарваа хоёр-
- Манайд хос "нохой сармагчин" бий. Эмэгтэй нь 6 настай, эрэгтэй нь 5 настай. Нохой сармагчин нь 2 юм уу 3 нас хүрсэн бол нас биед хүрсэн гэж үздэг. Байгаль дээр 50, 60 уулаа сүрэглэж амьдардаг. Хүний иддэг бүх хоол хүнсийг иддэг. Гэхдээ ихэвчлэн махан хоолоор хооллоно. Тэдний нэрийг Үкүн, Мандарваа гэдэг. Бид товчлоод Маагий гэж дууддаг.
-Хоёр метр урт, хортой могой-
-Энэхүү могой нь 2 метрийн урттай аварга могой. Нас биед хүрэх үедээ 5-7 метрийн урттай болдог. Могойнууд дотроо амьд зулзага гаргадаг, өндөг гаргадаг гэдэг 2 төрөл бий. Харин энэ аварга могой нь өндөг гаргадаг. Монгол элбэг байдаг бамбайн хоншоорт гэх хорт могой нь хүнийг хатгаж гэмтээдэг бол энэхүү могой нь биеэрээ ороож аливаа зүйлийг агнадаг.
-Тэнгис, Далай хоёр-
-Манай амьтны хүрээлэнд хоёр матар бий. Тэдний нэрийг Тэнгис, Далай гэдэг. 5 настай. Өлссөн үедээ усан дотор орж ан хайдаг. Харин хоолоо идсэний дараа хуурай газар дээр гардаг. Харж байгаачлан яг одоо өлссөн байгаа нь харагдаж байна. Долоо хоногт нэг л удаа холын зайнаас хооллодог.
-Махчин яст мэлхий-
-Энэхүү яст мэлхий нь "матрын яст мэлхий" буюу хазагч гэж хэлэгддэг. Махаар хооллодог. Их удаан хөдөлгөөнтэй харагдаж байгаа ч хоолоо харах үед маш хурдан хөдөлгөөнтэй болдог. Ойролцоогоор 2-3 настай" гэв.
Амьтны хүрээлэнд ороход хориглох зүйлс:
- Амьтдыг айлгах, цочоохгүй байх
- Амьтны огцом хөдөлгөөнөөс цочдог хүмүүст тохиромжгүй
- Амьтдын аюулгүй байдлыг хангах үүднээс өөрийн тэжээвэр амьтнаа орхиж орох
- 150 см-аас доош өндөртэй харгалзах хүнгүй хүүхэд
- Архи согтууруулах ундаа хэрэглэсэн хүн
- Ажилтны зааварчилгааг зөрчих
- Амьтны хашааны ар хэсэг рүү орох, эд зүйлс шидэх
- Амьтны хашаа, шилэн зүйл рүү авирах
- Ажилтны биед халдах
Ташрамд дурдахад том хүний тасалбар 12 мянган төгрөг байдаг ч нээлтийн урамшуулал зарлаж 8 мянган төгрөг болгож хямдруулсан байгааг хүрээлэнгийн ажилтан дурдлаа.