ХЭҮК-ын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг Зэвсэгт хүчний 017, 120, 256, 339 дүгээр ангиудын үйл ажиллагаа, Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын цэргийн нийтлэг дүрмүүд болон бусад хууль тогтоомж, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хугацаат цэргийн алба хаагчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, халдашгүй байх, эрүү шүүлтээс ангид байх, зохистой хоол, хүнс, хувцсаар хангагдах, сурч боловсрох зэрэг эрхийн хэрэгжилт болон Монгол Улсын Их Хурлын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 49 дүгээр тогтоолын хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн.
Улмаар хяналт шалгалтын үр дүнг үндэслэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Батлан хамгаалахын сайдад Комиссын гишүүний 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 06/57 дугаар 5 зүйл бүхий зөвлөмжийг хүргүүлсэн.
Зөвлөмжид:
- Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн халуун усны барилгыг шинэчлэн барих, ангийн гал тогооны барилгад их засварын ажлыг хийх, шаардлагатай тоног төхөөрөмж, тоног хэрэгслийг суурилуулах, цэргийн байрны ариун цэврийн өрөө, гадна бие засах газрыг эрүүл ахуйн стандарт шаардлагад нийцүүлэн засварлахад шаардлагтай зардлын тооцоо, зураг төслийг нэг бүрчлэн гаргаж, барилга барих болон засварын ажлыг нэн яаралтай эхлүүлэх
- Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн алба хаагчдын ажлын өрөө болон сургалтын танхим байрлаж буй барилгыг шинээр барих асуудлыг шийдвэрлэх
- Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдын орыг цэргийн алба хаагч унтаж амрахад тухтай стандарт шаардлагад нийцсэн өргөн ороор солих, нийт цэргийн анги байгууллагад хяналт шалгалт зохион байгуулж, стандартын шаардлага хангаагүй орыг солих
- Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн Халуун усны газрын босоо шүршүүр хооронд тусгаарлалтын ханатай болгох, цаашид бусад анги, байгууллагын халуун усны газрын босоо шүршүүр хооронд тусгаарлалтын ханатай болгох ажлыг зохион байгуулахыг тусгаж, улмаар Зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт, үр дүнг нотлох баримтын хамт Зөвлөмж хүлээн авснаас 45 хоногийн дотор ирүүлэхийг хүссэн юм.
Батлан хамгаалахын сайд 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн албан бичгээр Комиссын гишүүний зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлсэн ажлын тайланг ирүүллээ. Тайланд зөвлөмжид тусгасан асуудлуудыг Зэвсэгт хүчний Хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хийгдэх засвар шинэчлэлийн ажлын жагсаалтад тусгасан талаарх мэдээллийг ирүүлсэн байна.
Тухайлбал:
- Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн цэргийн гал тогооны барилгын их засварын төсөлд нийт 1230 метр квадрат талбайг засварлахад 553,500,000 төгрөгийн зардал
- Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн цэргийн байрын ариун цэврийн өрөөний их засвар, гадна бие засах газрыг эрүүл ахуйн стандарт шаардлагатай нийцүүлэх засварт нийт-73,890,000 төгрөгийн зардал шаардлагатайг судалсан
- Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн алба хаагчдын ажлын өрөө болон сургалтын танхим байрлаж байгаа барилгыг шинээр барихад 2,914,081,350 төгрөгийн зардал шаардлагатай талаар
- Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн Халуун усны газрын босоо шүршүүр хоорондын зайг тусгаарлаж, Зэвсэгт хүчний Хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хийгдэх засвар шинэчлэлийн ажлын жагсаалтад тугуулахаар ажиллаж байгааг дурдсан байна.
- Мөн Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдын орыг цэргийн алба хаагчийн орыг стандарт шаардлагад нийцсэн өргөн ороор солих асуудалд цэргийн анги нэгтгэлийн эд хогшыг “Цэргийн эд хогшлын стандарт” батлагдсаны дараа үе шаттайгаар сольж, шинэчлэхээр төлөвлөсөн зэргээр Комиссын гишүүний Зөвлөмжийн хэрэгжилтийг ханган ажиллаж байгаагаа тусгасан байна.