Нийслэлийн нутаг дэвсгэр нийслэлийн хэмжээнд насанд хүрээгүй хүүхдэд электрон тамхийг худалдан борлуулахыг хориглох НЗД-ын захирамж гарсан. Үүнтэй холбоотой асуудлаар НЗД-ын орлогч О.Номинчимэг дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Тэрбээр " Нийслэлийн нутаг дэвсгэрт электрон тамхийг 18 нас хүртэлх өсвөр үеийн хүүхдүүдэд зарж борлуулахыг хориглоно гэх захирамж гарлаа. Энэхүү захирамжийг гаргах гол үндэслэл нь эцэг, эхчүүд болон боловсролын байгууллагын ажилтан, багш нараас маш олон өргөдөл, гомдол ирж байна.
Учир нь ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчид хичээл дээрээ их хэрэглэж байгаа нь тэдний эрүүл мэнд, боловсролд сөргөөр нөлөөлж байна. 200 гаруй сургууль дээр судалгаа хийхэд дунджаар 9000 орчим хүүхэд электрон болон утаат тамхи хэрэглэж байна. Үүнээс гадна судалгаанд хамрагдаагүй маш олон хүүхэд байгаа. Энэ бүтээгдэхүүн нь хуулийн хувьд ямар нэг зохицуулалтгүй, дэлгүүрт талх сүү шиг зарагдаж байна. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэр дээр 18 нас хүрээгүй хүүхдүүдэд электрон тамхи болон дагалдах хэрэгсэл зарахгүй байх захирамжийг баталлаа. Никотин гэх бодис нь хүний тархины хөгжилд муугаар нөлөөлдөг. Мөн сэтгэл түгших, уушги цоорох эрсдэлийг дагуулж байна" гэв.