Хянан шалгах Түр хорооноос зарласан нүүрсний хоёр дахь шатны сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын талаар мэдээллийг сонсож байна. Энэ үеэр тус төмөр замын дээд бүтцийн ажил, холбоо дохиоллын суурилуулах ажилд нийт 30 компани туслан гүйцэтгэгчээр ажилласан талаар шинжээч дүгнэлтээ танилцууллаа. Тухайн компаниуд дунд улс төрийн хамаарал гарч ирсэн бөгөөд тухайлбал, Монголзам групп ХХК нийт 24.8 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан байна. Тус компанийн нэгдмэл сонирхол бүхий этгээдээр УИХ-ын гишүүн Н.Ганибал танилцуулагдсан юм.