Хүн бүрийн хүсэн хүлээдэг шинэ жилийн баяр хаяанд ирлээ. Эдгээр өдрүүдэд хүүхэд, хөгшидгүй хөл хөөрцөг болж, ойр тойрон дахь бяцхан үрсээ баярлуулахаар хүүхдийн бэлэгний эрэлд гардаг.
Нэг үеэ бодвол манайхан ууттай бэлэг сахарын агууламж ихтэй, хүүхдэд хор болдог, өгсөн хүндээ мөнгөний, авсан хүндээ эрүүл мэндийн гарзтай хэрэггүй зүйл гэдгийг мэддэг, аль болох татгалзахыг хүсдэг болсон ч дэлгүүрийн лангууг дүүргэж, өрсөн амттангаар дүүрэн бэлэг өөр сонголт хийх аргагүйд хүргэдэг.
Манай улсад худалдаалж буй хүүхдийн баярын 1 уут бэлгэнд 1 ширхэг жүүс, 1 ширхэг жигнэмэг, 3 төрлийн чихэр, чихрэн бүтээгдэхүүн, 1 ширхэг чипс, 1 ширхэг шоколад зэрэг ойролцоогоор 7 ширхэг хүнсний бүтээгдэхүүн ордог бөгөөд эдгээр хүнсний бүтээгдэхүүнд ойролцоогоор 412 грамм сахар агуулагддаг гэх судалгааг ХХААХҮЯ-наас гаргасан байдаг. Тухайлбал, 750 мл-ээр савласан жүүсэнд 82, 130 гр үрлэн чихэрт 85, 274 гр печеньд 112, 100 гр резинэн чихэрт 91, 50 гр шоколадад 26, 35 гр хөөсөн чихэрт 16 гр сахар агуулагдаж байдаг. Харин ЭМЯ-наас гаргасан зөвлөмжөөр насанд хүрсэн хүний өдрийн сахарын хэрэглээ 25 грамм байх ёстой. бөгөөд дээрх 1 уут бэлэгний сахарын хэмжээ үүнээс даруй 16 дахин их байгаа юм.
-"ХОРГҮЙ" БЭЛЭГ ЭРЭЛТТЭЙ Ч ОЛДОЦ МУУТАЙ БАЙНА-
Тиймээс энэ удаад томоохон сүлжээ дэлгүүрүүдийн хүүхдийн бэлгэнд ямар нэр төрлийн бүтээгдэхүүн ихэвчлэн орж буй талаар болоод ямар үнэ өртөгтэй зарагдаж байгааг сурвалжиллаа.
Бид хамгийн эхлээд "НОМИН" сүлжээ дэлгүүрийн БЗД-т байрлах салбарыг зорьсон юм. Тус дэлгүүрт нэр төрлөөсөө хамаараад үнэ өртөг нь харилцан адилгүй хүүхдийн бэлэгнүүдийг худалдаалж байв.
Бэлэгнүүдэд ихэвчлэн нөгөө л сахарын агууламж нэн ихтэй ундаа, чипс, резинэн чихэр, шоколад, жигнэмэг зэрэг байсан юм. Үнийн хувьд 23599-43999 төгрөгийн хооронд байлаа.
Бид худалдагчаас нь, чихэргүй бэлэг байгаа эсэхийг тодруулахад, "Байхгүй ээ. Боогоод бэлдчихсэн бэлэгнүүд ирдэг юм" гэсэн юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн нийслэл хотод л гэхэд 10 гаруй салбартай тус сүлжээ дэлгүүрийн бүх салбарт нь яг л адилхан сахарын агууламж ихтэй, хүүхдэд хор болохоор худалдаалагдаж байгаа гэсэн үг.
"Номин"-гоос гараад бид "САНСАР" сүлжээ дэлгүүрт орлоо.
Биднийг мөн л адил өнгө алаглуулж өрсөн чихэр, шоколадаар дүүрэн ууттай бэлэгнүүд угтав. Үнийн хувьд 8200-55880 төгрөгийн хооронд байсан бөгөөд ихэнх нь чипс, резинэн чихэр, жигнэмэг гэх мэт хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж "хор" болохуйц бэлэгнүүд байлаа.
Хүүхдийн тоглоом, чихмэл бамбарууш зэргийг багтаасан гялгар ууттай бэлэг хараа булааж, үнийг нь асуухад "Жаахан үнэтэй л байгаа даа. 55880 төгрөг гэж байгаа.
Тоглоомгүй бэлэгнүүд бол хямдхан шүү" гэх хариултыг өгсөн юм. Худалдааны зөвлөхөөс бэлэгнүүд хэр эрэлттэй байгааг тодруулахад, "Өнгөрсөн жилийн өдийд хөл хөдөлгөөн их. Бэлэг эрэлттэй байсан бол энэ жил худалдан авалт муу байна" гэсэн юм.
Б.ТҮВШИНБАЯР: ХУГАЦАА НЬ ДУУССАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХҮҮХДИЙН БЭЛГЭНД
БООХ ТОХИОЛДОЛ ИХ ГАРДАГ
/НЭМҮТ-ийн Хоол судлал хүнсний аюулгүй байдлын албаны эрдэм шинжилгээний ажилтан/
Бид НМХГ-ын НЭМҮТ-ийн Хоол судлал хүнсний аюулгүй байдлын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Түвшинбаяяртай уулзаж, хүүхдийн бэлэгтэй холбоотой зарим зүйлийг тодруулаа. Тэрбээр, "Хүүхдэд бэлэг сонгохдоо шошгоо маш сайн харах хэрэгтэй. 1 уут чихэрэнд хэдэн грамм сахар, хэр их нүүрс ус агуулагдаж байна эв гэдгийг нь маш сайн тооцоолох хэрэгтэй. Түүнээс гадна хадгалах хугацаа нь дууссан, ханасан өөх тосны агууламж өндөртэй, транс тос агуулсан гэх мэт хүүхдийн эрүүл мэндэд хор хохирол учруулахуйц бодис агуулсан бүтээгдэхүүнүүд хүүхдийн бэлэг дотор их байдаг. Тиймээс хүүхдийн бэлэгэнд орсон бүтээгдэхүүн нэг бүрийн шошгыг харж, эрүүл бус гэсэн сонголтуудыг алгасах шаардлагатай. 100 гр хүнсэнд агуулагдаж байгаа сахарын хэмжээ 10 граммаас их байвал тухайн хүнс эрүүл бус гэсэн үг" гэлээ.
Сахарын илүүдэл нь бага насны хүүхдийн шүд хорхойтох хамгийн том шалтгаан болдог бөгөөд бодисын алдагдал үүсгэснээр кальцийн шимэгдэлтийг бууруулж, шүдийг хэврэгшүүлдэг. Мөн сахарын замбараагүй хэрэглээ нь хүүхдийг шим тэжээлийн дутагдалд оруулж, тэдний эрүүл саруул өсөж бойжих нөхцлийг бууруулж, төрөл бүрийн халдварт өвчин, хоол боловсруулах замын эмгэг, цаашлаад таргалалт, чихрийн шижин, хавдар зэрэг архаг өвчнөөр өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг байна. Тиймээс эцэг эхчүүд та бүхэндээ сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахаас татгалзаж, эрүүл, тэжээллэг, баталгаатай хүнсний бүтээгдэхүүн худалдан авахыг ЗӨВЛӨЖ байна.