Дотоодын цэргийн 05-р ангид энэ сарын 9-ны өдөр буюу өчигдөр тус ангид хугацаат цэргийн албаа хааж байсан цэрэг өндрөөс унаж бэртсэн талаар бид өмнө мэдээлсэн. Тус асуудлын талаар Дотоодын цэргийн штабаас мэдээлэл өглөө. Энэ үеэр Дотоодын цэргийн 05-р ангийн захирагчийн орлогч Дэд хурандаа Д.Отгонбаатар "Тус ангид 2023 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирсэн байлдагч өглөө хоолонд орох үедээ халуураад байна гэх шалтгаанаар цэргийн байрандаа үлдсэн. Улмаар цэргийн байрныхаа зүүн хойд хэсэгт өндрөөс унасан байдалтай олдсон.
Байлдагчийг олсон даруйдаа анхан шатны тусламж үзүүлж, Гэмтлийн согог судлалын үндэсний төвд хүргэсэн. Одоогийн байдлаар хугацаат цэргийн алба хаагчийн биеийн байдал хүнд байна. Тухайн хугацаат цэргийн алба хаагч нь цэргийн байрны гурван давхарт байрладаг ба тус давхрын сургалтын танхимын цонхоор үсэрсэн нь камерын бичлэгээр тогтоогдсон.
Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна. Мөн Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт аюулгүй байдлын хэлтэс, Дотоодын цэргийн штабын дотоод хяналтын хэлтсээс хамтарсан албаны шалгалтыг зохион байгуулж явуулж байна. Ангийн зүгээс болон Дотоодын цэргийн штабын зүгээс эмнэлгийн байгууллагуудтай хамтран алба хаагчийн эмчилгээтэй холбоотой бүхий л дэмжлэг туслалцааг үзүүлж, ажиллаж байна. Мөн ар гэртэй нь байнгын харилцаа холбоотой байгаа" гэсэн юм.