Өнөөдрийн үдээс өмнөх нүүрсний сонсголоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь "ЭТТ" ХК-д эзэн сууж авах гэсэн санаархал манай томоохон бүлэглэлээс гарч ирсэн. "Нүүрс удахгүй үнс болно, төрийн компани нүүрс ухдаггүй юм. Компанийн захирлууд нь шоронд ордог юм аа" гэх PR-ыг маш хүчтэй явуулж байсан. 2014 оны арванхоёрдугаар сард Монгол Хятадын нэг компанийг 99 жилийн хугацаатай оператороор оруулах гэрээ хэлэлцээрийн ажил эхэлсэн. Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар би ажиллаж байсан юм. Миний бие энэ үйл ажиллагааг нь эсэргүүцтэл намайг долоо хоногийн дараа ажлын хэсгээс гаргаж, сарын дараа хорьсон" гэсэн юм. Харин ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Та том бүлэглэлээ нэрлэнэ үү" гэх асуултад "Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" хэмээсэн. Энэхүү мэдээллийг Түр хорооны дарга тухайн үед ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Б.Заяабалаас тодруулахад тэрбээр "Энэ компанийг би мэдэхгүй. Ард нь хэн байдаг талаар мэдэхгүй. Надад үүрэг өгсөн зүйл огт байхгүй" гэсэн юм.