Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Оюун: Гэр бүлийн хүчирхийлэл нь хамгийн дотнын хүмүүсийн дунд үүсдэг харилцаа учир нуун дарагдуулах тохиолдол их байдаг

Ангилал
 Хууль эрх зүй Ярилцлага
Огноо
Унших
7 минут 1 секунд

Сүүлийн үед цагдаагийн байгууллагад ирж буй дуудлага мэдээллийг бүртгэн авдаг "ECS" программын шинэчлэлийн талаарх мэдээлэл олон нийтэд тархаж байна. Уг программын шинэчлэл нь бидний нүднээс далд үйлдэгддэг Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийг бүртгэлжүүлэх тэр дундаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн удаа дараагийн үйлдлийг бүртгэлжүүлж, хуулийн өмнө зохих ёсны хариуцлагыг үүрүүлэх, мөн хохирогчийг хамгаалах зорилготой. Тэгвэл энэхүү программын талаар болон гэр бүлийн хүчирхийлэл үүсэх шалтгаан нөхцөлийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, Дэд хурандаа Д.Оюунтай ярилцлаа.

Гэр бүлийн хүчирхийлэл хаалганы цаана үйлдэгддэг тул дахин давтагдан үйлдэгдэх шинжтэй байдаг

-Юуны түрүүнд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад хэр их бүртгэгдэж байгаа талаар тодруулъя. Учир нь "ECS" программ нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн үйлдлийн давтамжийг бүртгэлжүүлэх гол зорилготой шүү дээ?

-Цагдаагийн байгууллагад хоногт 1500-1700 орчим дуудлага мэдээлэл ирдэг. Үүнээс 70-100 орчим нь хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээлэл байдаг. Дээрх дуудлага мэдээлэлд Цагдаагийн байгууллагаас төлхүү анхаардаг. Учир нь гэр бүлийн хүчирхийлэл нь хаалганы цаана үйлдэгддэг. Дахин давтагдан үйлдэгдэх шинжтэй байдаг.

Түүнчлэн хохирогчийн онцлогоос хамаарч гэмт хэргийн зөрчил дарагдаж, нууц үлдэх тохиолдол байдаг. Ийм учраас тухайн гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийг бүртгэдэг системд шинэчлэл хийгээд, хүчирхийлэл үйлдэгчийн мэдээллийг архивлаж, урьд нь гаргаж байсан зөрчлүүдийг харж болохоор байдлаар системийн хөгжүүлэлт хийгдсэн.

Энэ нь иргэдэд тэр дундаа хохирогчид ямар хэрэгтэй вэ гэхээр хохирогчид туслалцаа үзүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм. Хамгийн сүүлд гарсан нэгэн жишээг дурдахад,

Нийслэлийн ... дүүрэгт гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл ирсэн байдаг. Дуудлага мэдээлэлд ажиллахаар очиж байгаа цагдаагийн алба хаагчид программаар шүүж үзэхэд, тухайн хаяг дээр буюу хүчирхийлэл үйлдэгч нь урьд өмнө нь удаа дараа буюу 5-7 удаа хүчирхийлэл үйлдэж байсан. Хүчирхийлэл үйлдэхдээ зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хохирогчийн биед гэмтэл учруулж байсан тохиолдол гарч байсан. Үүнд үндэслэн тухайн дуудлага мэдээлэлд очиж буй цагдаагийн алба хаагчид нөхцөл байдлыг урьдчилан үнэлж, өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангахаас гадна хохирогчид цаг алдалгүй туслалцаа үзүүлэх зорилгоор эмнэлгийн байгууллагад мэдэгдсэн.

Ингээд дуудлага мэдээлэлд очиж, ямар нэг эрсдэлгүйгээр, хүчирхийлэл үйлдэгчийн үйлдлийг таслан зогсооход, хохирогчийн биед гэмтэл учирсан байсан. Эмнэлгийн байгууллагад цаг алдалгүй мэдээлэл хүргүүлсэн байсан тул яаралтай тусламж үзүүлж, амь насыг нь аварсан тохиолдол байна.

-Программд шинэчлэл хийх нь нэг талаараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн давтамжит үйлдлийг багасгах, цаашлаад энэ төрлийн дуудлага мэдээллийг багасгах зорилготой гэж харж байна. Түүнээс гадна ямар үр дүнд хүрнэ гэж үзэж байгаа вэ?

-Уг программын шинэчлэл нь хүчирхийлэл үйлдэгчийн үйлдэл бүрийг бүртгэж, тухайн холбогдогчийн хэрэг хуулийн байгууллагаар шийдэгдэхгүй үлдэхгүй байх сайн талтай. Энэ нь хүчирхийлэл үйлдэгчийн ял завших тохиолдол багасна гэсэн үг юм. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн давтан үйлдэл гэдэг нь хүчирхийллийн хохирогч удаа дараа цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгснөөр илэрдэг. Гэвч зарим тохиолдолд хохирогч тухайн үйлдлийг нуух, Цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүй байх нь бий.

-Тэгэхээр хохирогч өөрөө энэ үйлдлийг нуун дарагдуулах тохиолдол гардаг гэсэн үг үү. Энэ нь хохирогчид хамгийн сөрөг нөлөөтэй байх?

-Гэр бүлийн хүчирхийлэл нь өөрийн гэсэн онцлогтой. Хохирогчийн зүгээс хүчирхийлэл үйлдэгчийн үйлдлийг хаацайлах, бусдаас нуух, тухайн хүний зөрчлийг бусдад мэдэгдүүлэхгүй гэдгийг өөртөө агуулаад байдаг. Тиймээс хохирогчтой ажиллахын тулд нэлээдгүй хугацаа шаарддаг. Гэтэл хохирогчийг хүчирхийлэлд өртдөг эсэхийг тодруулахын тулд, мөн тухайн үйлдлийг илрүүлэхийн тулд цаг хугацаа алдах эрсдэлтэй.

Хүчирхийлэл үйлдэгчийн үйлдлийг нуун дарагдуулснаар хохирогчид учрах эрсдэл илүү нэмэгддэг. Тийм учраас системийн хувьд удаа дараагйин үйлдлийг тогтоож байгаа нь хохирогчид учрах эрсдэлийг багасгана. Магадгүй нөгөө талаараа зөрчил гаргагчийн үйлдэл бүрт ял шийтгэл оноох давуу талтай.

Гэр бүлийн хүчирхийлэл хамгийн их хайртай, дотнын хүмүүсийн хооронд үүсэж буй харилцаа

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх хамгийн энгийн шалтгаан бол мэдээж архи. Гэтэл тухайн гэр бүлийн нэг гишүүн архидан согтуурсан үедээ удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Нэг ёсондоо хамгийн ойрын хүмүүс л бие биедээ хүчирхийлэл үйлдээд байдаг?

-Гэр бүлийн хүчирхийлэл нь гудамж талбайд гэдэг юм уу хүний нүдэнд ил үйлдэгдэх нь бага. Хаалганы цаана байдаг. Харамсалтай нь хамгийн хайртай, дотнын хүмүүсийн хооронд үүсэж байгаа харилцаа. Тиймээс ч нуун дарагдуулах тохиолдол их гардаг гэж ойлгож болно.

Гэхдээ сүүлийн үед хөршийн холбоо буюу иргэд хүчирхийллийн талаарх мэдээллийг илүүтэй мэдээлдэг болсон. Энэ нь өөрөө маш том давуу тал.

Энэ төрлийн хүчирхийлэл давтамжтайгаар үйлдэгдсэнээр тухайн гэр бүлийн хэн нэгэн гишүүн харамсалтайгаар амь насаа алдах, үр хүүхэд нь өнчрөх тохиолдол гарах нь бий. Тиймээс энэ нь зөвхөн хоёр хүний хоорондын харилцаа бус ард нь буй бүтэн гэр бүлийн хоорондын буюу маш том, өргөн хүрээний харилцаа. Тиймээс гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээ, мэдээллийг нуун дарагдуулахгүй байх хэрэгтэй. Энэ тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдээлснээр бусад байгууллагуудын харилцан туслалцааг авснаар сэтгэлзүйн болон эрүүл мэнд мөн бусад гишүүдэд учрах эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой.

-Ярилцсанд баярлалаа.

ЧУУЛГАН: ХЭҮК-ын даргаар Д.Сүнжидийг томиллоо
ЧУУЛГАН: ХЭҮК-ын даргаар Д.Сүнжидийг томиллоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.