Олон хит дууны эзэн хамтлаг болох "Take off" хамтлаг байгуулагдаад 20 жил болжээ. Хэн бүхний мэддэг "Цасан дээр" "Гүнж" зэрэг дуу нь өдгөө 20 жилийн дараа ч хит дуунуудын жагсаалтаас гарч амжаагүй явна. Тэгвэл "Take off" хамтлагийн гишүүд тус тусын шинэ уран бүтээлээ туурвисаар байгаа аж.
UBN.mn сайт Take off хамтлагийн гишүүн Д.Баясгалан буюу Баясуктай сүүлийн үеийн уран бүтээлийн талаар ярилцсанаа хүргэж байна.
"Шинэ уран бүтээлийн МААТААМ гэх нэрийг 7 хүүхдийнхээ нэрний эхний үсгүүдээс санаа авч бүтээсэн"
- Сайн байна уу? "Take off" хамтлаг үүсгэн байгуулагдаад 20 жил болж байна. Таны хувьд бие даасан уран бүтээлээ содон нэртэйгээр гаргасан. Нэрний утга нь юу вэ?
-Та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. 2024 онд "Take off" хамтлаг үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой болох гэж байна. Бид 4,5 цомгийн ард гарсан байна. 20 жилийн ойн хүрээнд хамтлагийн гишүүд маань маш гоё төслүүдийг хэрэгжүүлж байна. Манай хамтлагийн Э.Сүхжаргал гэхэд соло цомог гаргаж байгаа. Миний хувьд үлгэрийн ертөнцөөр аялуулах "МААТААМ" гэх нэртэй шинэ артист төслийг эхлүүллээ. Би энэ хугацаанд 7 хүүхэдтэй болсон. Хүүхдүүдийнхээ нэрний эхний үсгээр "МААТААМ" гэх содон гайхалтай нэрийг бүтээсэн. Энэ үгийг толь бичигнээс хайж үзвэл зүүн Азийн зарим улс орнуудад "Баярлалаа" гэх утгаар байдаг юм билээ. Тийм учраас их билигшээж байгаа.
- Шинэ уран бүтээлийн клип, стиль , хэв маяг их содон байсан. Юунаас санаа авсан бэ?
- "Take off" хамтлагийн Баясук гэхээр л учиргүй Араб, 1001 шөнийн үлгэр шиг дуу хийгээд явахаар хүмүүс гайхаж магадгүй гэж бодож байна. Энэ дууны продюсераар нь би өөрөө ажилласан. Бидний хүүхэд байхаасаа уншдаг байсан үлгэрүүдийг орчин цагийн хэлбэрт оруулаад нийгэмд болж буй асуудлыг хөндсөн гэдгээрээ онцлог. Уран бүтээлч хүн гэдэг тухайн нийгмийн толь гэдэг шүү дээ. Энэ утгаараа нийгмийг үлгэрийн үг хэллэгээр ард түмэнд илэрхийлж байгаа юм. Энэхүү төслийн хамгийн эхний уран бүтээл болох " Эрт урьдын цагт" гэх нэртэй цомог гарна. Энэ цомгийн эхний бүлэг болох нэгдүгээр анги нь " Эмээ, өвөө, бясаа гурав" гэх дуу маань саяхан цацагдсан. Цаашид эмэгтэй артистуудтай хамтран төслөө үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байна.
-"Take off хамтлагийн гишүүд яаж танилцаж хамтлагийн гишүүд бүрдэж байсан бэ?
-Би өөрөө урлагийн гэр бүлээс гаралтай. Манай аав Монголын анхын циркчин. Ээж минь хөгжимчин. Ах маань балетчин. Би Польш улсад 4 жил амьдраад 2000 онд ирсэн. Тухайн үед Герман руу урлагийн сургуульд явах гэсэн боловч өндөр шалгууртай байсан тул бүтээгүй. Урлагийн гэр бүлд өссөн болохоор хийж чадах зүйл маань урлаг байсан. Тиймээс урлагийн сургуульд орж хамтлагийн гишүүдтэйгээ танилцаж байсан.
"2024 онд "Take off хамтлаг 20 жилийн ойн тоглолтоо хийнэ"
-"Take off хамтлаг 2024 онд 20 жилийн ой нь болох гэж байна. Ойн тоглолт хийх үү?
- 20 жилийн ойн хүрээнд хамтлагийн гишүүд өөр өөрсдийн уран бүтээлээ гаргаж байна. Мөн 2024 онд хамтлагын шинэ уран бүтээлүүд том хэмжээний тоглолт хийхээр төлөвлөж байна.
- Жил болгоны шинэ жилээр Take off хамтлагын "Цасан дээр" гэх дуу хит болдог шүү дээ. Энэ дуу хэрхэн бүтэж байсан талаар хуваалцаач?
- "Цасан дээр" гэх дуу 2004 оны шинэ жилээр анх цацагдаж байсан. Тухайн үедээ маш олон долоо хоног хөгжлийн нэвтрүүлгүүдийг тэргүүлж байсан. Тухайн жил Б.Сарантуяа эгчийн "Цагаан шөнө" Т.Ариунаагийн "Цасан аялгуу" Guys хамтлагийн "Цас" гэх мэтчилэн гоё дуунууд гарч ирж байсан. Тэр дуунуудтай зэрэгцээд манай хамтлагийн дуу хит болох үед бид нар өөрсдөө ч итгээгүй.
- 7 хүүхэдтэй гэхээр их өнөр өтгөн гэр бүлтэй юм байна. Гэр бүлээ танилцуулаач?
-Би уран бүтээл гэж явсаар байгаад 29 настайдаа аав болсон. Одоо 7 хүүхэдтэй. Том хүү маань 15 настай. Сүүлийн үед залуучууд маань 1 юм уу 2 хүүхэдтэй байгаа ажиглагддаг. Монгол Улс шиг том газар нутагтай, баялагтай оронд дэлхийн ямар ч улс орноос илүү сайхан амьдрах боломжтой юм шиг санагддаг. Тиймээс залуучууд олон хүүхэдтэй өнөр өтгөн амьдарвал гэр бүл аз жаргалтай, өсөн дэвших юм бол уу гэж боддог. Одооний хүүхдүүд ихэнх нь дэлгэцийн хамааралтай болчихсон. Тиймээс хүүхдүүдээ аль болох багаас нь хүсэж сонирхож байгаа дугуйлсан сургалтанд нь хамруулахыг зорьдог.
- Шинэ төслийнхөө нэрийг хүүхдүүдийнхээ нэрээр өгсөн гэдгийг хүүхдүүд нь мэдээд яаж хүлээж авсан бэ?
-Мэдээж маш их баярласан. "Хөөх аав бид нарын нэрээр дуу хийж байна" гээд их баярлаж хүлээж авч байгаа
-Таныг "Сумандаа сайхан амьдаръя" гэх төслийг эхлүүлж байснаар нь хүмүүс мэддэг юм билээ. Яагаад энэхүү төслийн эхлүүлэх болсон бэ. Цаашид төлөвлөсөн сайн дурын төсөл бий юу?
- Би Монголоор их аялах дуртай. Энэ өргөн уудам нутгынхаа бүх газар очоод тухайн орон нутгийн ард иргэдтэй уулзаад амьдарч үзнэ гэдэг бол маш гоё мэдрэмж. Уг нь бол хотийн төвлөрлийг сааруулъя, сум, аймагт илүү боломж байна гэх зүйлийг төр хийх ёстой. Гэвч төрийн байгууллагууд энэ тал дээр дэмжлэг үзүүлдэггүй. Би өөрөө зургаа авдаг, өөрөө нэвтрүүлгээ эвлүүлдэг учраас тэр болгон бүх газраар ороод туслаач гэх боломж байдаггүй. Уг нь зарим хүмүүс бага зэрэг дэмжлэг үзүүлэхэд л нэвтрүүлэг маань өнгө үзэмжтэй, илүү чанартай байх боломжтой.
-Ярилцсанд баярлалаа