Монголын залуу теннисчдийн нэг Ч.Маралгоо АНУ-ын Канзас мужийн их сургуульд тэтгэлэгтэй суралцахаар болсон талаар тус сургуулийн теннисний цахим хуудсанд албан ёсоор зарласан байна.
Өдгөө 18 настай түүний хувьд Ханжоугийн Азийн наадамд эх орноо төлөөлөн оролцож, өнөө цагийн дэлхийн шилдгүүдийн нэг Хятадын Чин Вэн Жэнтэй учраа таарч байсан билээ. Мөн Ч.Маралгоо өөрийн төрсөн дүү Ч.Мартагийн хамтаар олон улсын тэмцээнд хосын төрөлд оролцож, шагналт байрт шалгарч байсан амжилттай.
Канзас мужийн их сургуулийн теннис NCAA-ийн нэгдүгээр дивизоны “Big 12” бүст багтдаг бөгөөд ахлах дасгалжуулагчаар нь Жордан Смит гэх эрхэм ажилладаг аж. Уг сургуулийн теннисний эмэгтэйчүүдийн багт Америк, Герман, Чех, Энэхтэг, Португал, Венесуэль, Япон зэрэг улсаас тамирчид багтдаг аж.