Согтуурлын зэрэг нь тухайн хүний эрүүл мэнд, ядаргаа, сэтгэл санаа, дасан зохицох байдал, хоол унд хэрэглэсэн байдал зэргээс шалтгаална. “За ганц л хундага уусан юм чинь гайгүй биз” гээд машинаа унаад гардаг. Энэ бол маш аюултай. Ердөө таван грамм буюу нэг цайны халбага орчим архи жолоочийн баримжаалах чадварыг 30 орчим хувиар бууруулдаг байна. Гадна орчинтой харьцах жолоочийн чадварт архины нөлөө их гэдгийг энэхүү үзүүлэлт харуулжээ.
Иймд найз нөхөд, хайртай хүмүүс чинь архи уусан л бол жолоодох эрхийг түүнд бүү олго. Энэ нь та түүнийг осол аваараас цаашлаад амь насаа алдах, бусдын амь насанд халдах эрсдэлээс хамгаалж буй хэрэг юм. Тиймээс согтуугаар жолоо барихаас өөрөө татгалздаг байх, мөн хамт архи уусан нэгнийгээ жолоо бариулаад явуулдаггүй хамт олон, найз нөхөд байхыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.