Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан “Чингис хаан” үндэсний музейд “Зул Алдар хаан” баатарлаг тууль хайллаа.
Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Т.Баясгалан, Монгол Улсын боловсролын их сургуулийн Утга зохиолын тэнхимийн багш, доктор О.Отгонбаатар нар монгол тууль хайлах зан үйл, туулийн хэлхээ холбоо, уг үндсийн талаар зочдод тайлбарлав.
Дараа нь Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, туульч А.Балдандорж, Соёлын гавьяат зүтгэлтэн, туульч Э.Баатаржав нар “Зул Алдар хаан” тууль хайллаа.
Ёслолын үеэр “Монгол туульс нь үндэстний хэл, соёл, түүх, утга зохиол, урлаг, уран сайхны сэтгэлгээний нэг гайхамшигт эх сурвалж болох нь” сэдэвт илтгэл тавьсан байна. Тууль хайлах ёслолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёлын яам, “Чингис хаан” үндэсний музей, Монгол Улсын их сургуулийн Утга зохиол, урлаг судлалын тэнхим хамтран зохион байгууллаа.
“Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 13 дугаар зарлигийн дагуу жил бүрийн Хаврын тэргүүн сар болон Өвлийн тэргүүн сарын шинийн гуравны өдөр баатарлаг туульс хайлдаг уламжлалтай юм.