Нийслэлийн Ардчилсан намынхан энэ сарын 16-нд намын даргаа сонгохоор төлөвлөж байна. Улс төрийн хүрээнд удтал хүлээгдсэн улс төрийн томилгоо ийнхүү хийгдэх бололтой. Нийслэлийн намын хороо гэдэг аль ч намын хувьд маш чухал стратегийн байршил. Нийт сонгогчдын талаас илүү хувь нь оршин суудаг нийслэлд ялна гэдэг нь цаашлаад УИХ, орон нутагт олонх болох замын тал нь гэсэн үг. Тиймээс л МАН-ынхан асуудал гармагц маш хурдтай хөдөлгөөн хийж, хамгийн боломжтой хувилбараа сонгож, Х.Нямбаатарыг хот руу илгээсэн хэрэг.
Тэгвэл нийслэлийн намын даргын өрсөлдөөнд хэд хэдэн залуучууд орохоор бэлтгэлээ базааж буй аж. Тодруулбал, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, Д.Бадарсан, Т.Батцогт болон АН-ын шинэхэн гишүүн Ц.Уянга нар өрсөлдөнө гэсэн урьдчилсан мэдээлэл байна. Мөн эдгээр хүмүүс дээр АН-ын 2020 онд ялагдахад генсекээр хэдхэн сарын хугацаанд ажиллаж байсан Ц.Баатархүүгийн нэр ч дуулдаад амжлаа.
М.Тулгатын хувьд өнгөрсөн хугацаанд АН-ын даргын өрсөлдөөнд орж байсан. Мөн ах нарынхаа “савар”-т төдийлөн ороод байдаггүй гэх агуулгаараа нийслэлийн залуучууд нь дэмжих магадлалтай. Харин энэ удаагийн даргын “уралдаанд” намын даргын дэмжлэгтэй оролцож буй Д.Бадарсангийн хувьд гол өрсөлдөгч болж хувираад байна. Т.Батцогтыг арын энэ удаад Ерөнхийлөгч асан Х.Баттулгын талаас бүрдүүлж, “галын” дэмжлэг үзүүлж буй гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, түүнийг МоАХ-ынхон илүүтэй дэмжиж энэ удаагийн сунгаад зүтгүүлэх аж. Ц.Баатархүүгийн хувьд шууд намын дарга болох боломжгүй. 2020 онд намаа ялагдуулсан гээд гишүүдийн олонх нь ч дэмжихгүй. Тиймээс тэрбээр, өөрийн саналын багцаа аль нэг нэр дэвшигчид санал болгох, тохирох, дүүргийн намаа авах зэрэг санаатай байх магадлалтай. Харин Ц.Уянгын хувьд гол өрсөлдөөнд орох боломжгүй. Ер нь аливаа улс төрийн сонгууль гэдэг бол саналаа багцлах, хайрцаглах гишүүдийн олонхоо урьдчилж өөртөө татах зэргээр явагддаг билээ.
Тэгвэл одоогийн байдлаар нийслэлийн намын даргыг сонгох саналын эрхтэй 225 гишүүн байгаа аж. Үүнийг задалж харвал М.Тулгатын хувьд 40 орчим хувийг, Т.Батцогтын хувьд 30 орчим хувийг, Д.Бадарсанг 20 орчим хувь дэмжихийн олонхоо барьж байх магадлалтай гэдэг мэдээллийг эх сурвалжууд өгч байна. Намын даргын өрсөлдөөнөөс урьтаж орон гарсан 60 орчим хүмүүсийн квот дээр нөхөх ажиллагааг АН-ынхан хийхээр бэлдэж байна. Өөрөөр хэлбэл, энэ 60 саналын эрх энэ удаагийн нийслэлийн АН-ын даргын өрсөлдөөнд голлох нөлөө үзүүлэх бололтой.
Эх сурвалжийн мэдээлж буй гол өрсөлдөөн Л.Гантөмөрийн дэмжлэгтэй байгаа Д.Бадарсанд нийслэлээ өгөхөөр АН-ынхан тохирсон гэх мэдээлэл байна. Гэхдээ яг өрсөлдөөнд М.Тулгат, Д.Бадарсан, Т.Батцогт нарын хооронд өрнөх бөгөөд зааланд хэн нь сайн ажиллана тэр хүн нь Д.Бадарсантай үлдэх магадлалтай байна. Ерөнхийдөө М.Тулгат, Д.Бадарсан болон Т.Батцогт, Д.Бадарсан гэсэн хувилбаруудын нэг нь эцсийн өрсөлдөөнд тунах бөгөөд эх сурвалжууд бол Т.Батцогт, Д.Бадарсан нараас намын даргын хүн болох Д.Бадарсанг нь ялалт байгуулна гэх мэдээллийг өгч байна.
Д.Бадарсангийн хувьд Увсын гаралтай бөгөөд түүнд ирэх дэмжлэг нь намын дарга Лу.Гантөмөрөөс гадна АН-ын жин дарах төлөөлүүд болох Н.Алтанхуяг болон бүлгийн дарга О.Цогтгэрэл зүгээс ирэх нь ойлгомжтой юм.