Хоёр хоногийн өмнөхөн МАН 380 орчим мянган тэтгэвэр авагчдын тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх асуудлыг судална хэмээн мэдэгдсэн. Төсөв өргөн барьсан хойно 600 орчим тэрбум төгрөгийн зардал шаардлагатай НӨАТ-ын асуудлыг ярьлаа хэмээн толгой сэгсэрч байсан эрх баригчид өнөөдөр 460 орчим төгрөг шаардагдах тэтгэврийн нэмэгдлийн асуудалд хэдийнэ ханцуй шамлан орж, судлаад эхэллээ. Ингэхдээ 27.4 их наядын зарлагатай, 2.1 их наядын алдагдалтай ирэх оны төсвийнхөө хаанаас, яаж "мөлжиж", эх үүсвэрээ бий болгох талаар хар зургаа ч гаргачихсан явна. Тодруулбал, төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг танаж, төсвийн зардлыг 330 гаруй тэрбум төгрөгөөр бууруулж хэмнэлт хийх гэнэ. Ийнхүү сонгуулийн "санал" болж ирэх тооцоолол дээрээ МАН бат зогсож, тэтгэврийн асуудалд төвөгшөөхгүйгээр хөдөлж байна. Хэрэв хэмнэлт хийх байдлаар хэдэн зуун тэрбумын хөрөнгийг төсвөөсөө босгох чадал тэнхээ нь байсан юм бол яагаад бусад асуудал дээр хөдлөхгүй байсан хэрэг вэ.
Тэтгэврийн нэмэгдлийн асуудалд "Төр иргэддээ харам байж болохгүй" гэх агуулгыг ч зарим гишүүд яриад явна лээ. Гэтэл цэцэрлэгтээ 2470 төгрөгийн үдийн цай ууж байгаа хүүхдүүдийн хоолны зардлыг ядахдаа 4 мянган төгрөг болгоод өгөөч гэхэд ахиад 230 тэрбум төгрөг шаардлагатай, төсөвт боломж байхгүй учраас салбарын сайд нь арга ядахдаа хүүхдийн 100 мянган төгрөгөөс Үдийн хоол хөтөлбөрт зарцуулах шийдэл байгаа талаар дурдаж байсан. Төр хүүхдүүддээ харам байгаа хэлбэр энэ биш гэж үү.
Хоёрдугаарт, НӨАТ-ын урамшууллыг 5 хувь болгох 100 гаруй мянган иргэний санал яригдаж эхэлснээс судалж үзье, боломжгүй гэдгээс өөр зүйл цухуйлгаагүй. Ажлын хэсэг байгуулсан ч тодорхой хугацаа шаардагдах нь мэдээж. Яваандаа иргэдийн санал "бүдгэрэх"-ийг ч үгүйсгэхгүй.
Ийнхүү НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэхийг дэмжсэн иргэд, өдөрт 2750 төгрөгийн "хоол" идэж байгаа хүүхдүүддээ ҮГҮЙ гэх МАН сонгуульд зориулаад ахмадуудын тэтгэврийг 100 мянгаар нэмэх болохоороо зардлаа танаад ч болтугай эх үүсвэрээ бий болгож чаддаг юм байна гэдгийг энэ үйл явдал баталж байна.