Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байгаа юм.
УИХ-ын гишүүн Э.Батшугар гадаадад ажиллаж буй иргэдээ эх орондоо ирээд бизнес эрхлэхэд нь бодлогоор дэмжиж өгвөл эдийн засагтаа хөрөнгө оруулалт татах боломж байгааг Польш улсаар жишээлж ярилаа. Тодруулбал, “Польш улсын эдийн засаг ковидын өмнө болон дараа маш эрчимтэй өсч байсан. Энэ нь Европын холбоондоо хамгийн зөв хөгжсөн жишиг болж байсан. Үндсэн шалтгаан нь “Polish Deal” буюу “Польшийн гэрээ” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж, гадаад улсад амьдарч байгаа польш иргэдээ эх орондоо ирж бизнес эрхлэхэд нь тодорхой хөнгөлөлтүүдийг үзүүлдэг. Энэ утгаараа маш их хөрөнгө оруулалтыг гаднаас татсан. Мөн боловсролтой чадвартай иргэдээ эдийн засагтаа шингээсэн. Албан бус тоогоор Монгол Улсын 200 мянган иргэн гадаад улсад хөдөлмөр эрхэлж байна. Энэ иргэд маань Монгол Улсдаа эргэж ирвэл дэмжлэг үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж болох уу. Энэ нь эдийн засагт багагүй хувь нэмэр хөрөнгө оруулалт татах боломжтой гэж харж байна” гэсэн юм.