ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзжээ. Тэрбээр энэ тухай "Засгийн газарт 14 шаардлага тавьж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзаж, ярилцлаа. Бидний зүгээс гал унтраасан байдлаар түр зуурын шийдвэр гаргахгүй. Аргацаасан шийдвэр бүр яван явсаар өнөөдрийн асуудал үүсэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхцөл байдал хүндэрсэн байгааг харж байна. Тиймээс хамтдаа салбар бүрд тэдний асуудлыг тусгахын тулд ажиллана, цогц бодлогыг хэрэгжүүлнэ. Шаардлагатай байгаа хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэж, УИХ-д өргөн барина. ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газраас төрийн байгууллагуудын иргэдэд үзүүлж буй үйлчилгээнүүдийн процессыг судалж дууссан.
Үүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлж буй төрийн зарим үйлчилгээ нь дарамт болж буйг ч дурдсан байна. ЗГ-ын маргаашийн /2023.10.17/ хуралдаанд процессын дахин инженерчлэлийн энэ асуудлыг танилцуулах болно.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тавьж буй тэдгээр шаардлагуудыг үр дүнд хүргэхийн тулд ирэх 7 хоног дуустал бусад салбаруудын саналыг хүлээн авах, газар дээр нь очиж ажиллах, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийг хуралдуулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцаж буй агентлагийн бүтцийг шинэчлэх шаардлагыг ч хүлээн авлаа. ЗГ-ын зүгээс агентлагууд ихэнх төсвөө бүтэц бүрэлдэхүүнийхээ зардалд биш иргэдийнхээ асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах ёстой гэсэн байр суурийг баримталж байна" гэлээ.