Баянзүрх дүүргийн хэмжээнд энэ сарын 06-ны өдрөөс эхлэн “Эрсдэлгүй Баянзүрх - Нэг өрх” аян зохион байгуулагдаж байна. Энэ нь үүсэж болзошгүй аюулт үзэгдэл, гамшиг ослоос хүний амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгө өртөх эрсдэлийг бууруулах, гамшиг ослын үед авч хэрэгжүүлэх анхан шатны мэдлэг, дадлагыг олгох аян нэг сарын хугацаанд хэрэгжинэ.
Аяны хүрээнд өнөөдөр дүүргийн хэмжээнд угаарын хийн эрсдэлтэй 11 хорооны 126 мянга гаруй айл өрхүүдээр хяналт шалгалт хийх, сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэх ажлыг эхлүүллээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа анги нэгтгэлийн алба хаагчид, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Таван толгой түлш компани, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, хорооны хэсгийн ахлагчдаас бүрдсэн нийтдээ 500 гаруй албан хаагчид өнөөдөр, маргааш айл өрхүүдэд ажиллана.
Энэхүү арга хэмжээний нээлтэд Нийслэлийн онцгой байдлын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан оролцож алба хаагч нарт зааварчилгаа өгсөн бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд энэхүү аяныг өнгөрсөн есдүгээр сараас эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд айл өрхүүдэд ажиллах нэгдсэн арга хэмжээг Баянзүрх дүүрэг анхлан эхлүүлж байна. Цаашид төвийн зургаан дүүргийн айл өрхүүдэд ажиллана гэдгийг хэллээ.