Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн “Тахилт” гэдэг газар тус сумын харьяат иргэн Г нь өнгөрөгч сарын 29-ний өдрийн 02:00 цагийн орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд “Дагиналтай” нуурын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлага мэдээлэл мөн өдрийн 05:30 цагт ОБГ-т ирсэн байдаг.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Тариат сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, ар гэрийнхний хамт тус сумын харьяат иргэн Г /38 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг аравдугаар сарын 07-ны өдрийн 09:10 цагаас 19:00 цаг хүртэл “Дагиналтай” нуурын усанд завиар урсаж, 6 удаагийн шумбалт хийж, “Гуваа” гэдэг газар автомашинтай болон явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул аравдугаар сарын 09-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.