Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-ын ТӨЗО-нд ажлын айлчлал хийж байна. Энэ үеэрээ Исламын Бүгд Найрамдах Пакистан улсын Гадаад хэргийн сайд Жалил Аббас Жиланитай уулзаж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, худалдаа, эдийн засаг, соёл болон бусад салбарын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хэлэлцлээ.
Уулзалтын эхэнд Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн зун Пакистан Улсад их хэмжээний бороо орж, үер буусны улмаас олон эрдэнэт хүний амь эрсдэж, их хэмжээний хохирол учирсанд эмгэнэл илэрхийлээд “Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний харилцан айлчлал чухал үүрэг гүйцэтгэдэг. Манай хоёр улсын 60 жилийн түүхт дипломат харилцаанд дээд, өндөр түвшний харилцан айлчлал одоогоор хэрэгжээгүй байна. Иймд ирэх шинэ жаранд Монгол, Пакистан Улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, улс төрийн яриа хэлэлцээ идэвхжинэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
БНХАУ-ын "Бүс ба Зам" санаачилгын хүрээнд амжилттай хэрэгжиж буй төслүүдийн нэг бол Пакистан-Хятадын эдийн засгийн коридорийн төсөл юм. Иймд Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхтэй холбогдуулан Пакистан, Хятадын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын талаарх туршлагаас судлах, хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Пакистан Улсаас оёмол, нэхмэл бүтээгдэхүүн, Монгол Улсаас ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн нийлүүлэх боломж байгаа гэдгийг илэрхийлэв.
Пакистан Улсын Гадаад хэргийн сайд Жалил Аббас Жилани Шадар сайд С.Амарсайхантай санал нэгтэй байгаагаа хэлээд, хоёр улсын хамтын ажиллагаагаа улам сайжруулахад анхаарч ажиллахаа илэрхийллээ.