Хүн амины хэргээр ял эдэлж байсан Б.Махбалыг хугацаанаас нь өмнө сулласан талаар бид мэдээлсэн. Ажилтнаа хэрцгийгээр зодож, амь насыг нь хохироон дөрвөн хүүхэд өнчрүүлсэн этгээд хугацаанаасаа өмнө суллагдаж, эрх чөлөөтэй болсонд олон нийт бухимдаж, эсэргүүцлээ илэрхийлсээр байна.
Тухайлбал, Багануур дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Баасандорж Б.Махбалыг суллагдсанд эсэргүүцэл бичсэн байна.
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн албан ёсны тойм
Шүүхийн шийдвэрийн тойм №9, 2023.09.13 Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос хоригдол Б.Махбалыг хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны наймдугаар 20-ны өдрийн 1052 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны тавдугаар сарын 15-ны өдрийн 495 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Б.Махбалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байна.
Хоригдол Б.Махбалыг хорих ял эдэлж байх хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 210 дугаар зарлигаар түүний эдлээгүй үлдсэн хорих ялын 25 хувийг уучилсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж, зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж, ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын дараах хувийг эдэлсэн бол прокурорын саналыг харгалзан шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэж болно" гэж, тус хэсгийн 1.2 дахь заалтад "таван жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын гуравны хоёроос доошгүй хувийг эдэлсэн бол” гэж заасан.
Хоригдол Б.Махбал нь хорих ял эдлэх хугацаандаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй эвлэрч хохирлыг төлж барагдуулсан, мөн зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж /хорих ангиас зохион явуулдаг сургалтуудад тогтмол идэвхитэй хамрагдаж батламжаар, хөдөлмөрлөх үүргээ амжилттай биелүүлж шагналын хоногоор урамшуулагдсан/ ял эдлэх хугацаандаа зөрчил гаргаж сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар уучлал үзүүлсэн хугацаа болон биеэр эдэлсэн долоон жил 10 сар 24 хоногийн хорих ялын хугацаа нь түүнд оногдуулсан 11 жилийн хорих ялын гуравны хоёроос доошгүй хувь болох долоон жил дөрвөн сарын хугацааг хангасан болох нь хорих ангийн санал, прокурорын дүгнэлт, ялтны хувийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Иймд хуульд заасан дээрх шаардлагыг хангасан гэж үзэж хоригдол Б.Махбалын эдлээгүй үлдсэн гурван жил 1 сар 6 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоож, дээрх хугацаанд Эрүүгийн хуульд заасан үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон