Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаас намын бүртгэлтэй холбоотой дараах өргөдлүүдийг буцааж шийдвэрлэжээ. Тухайлбал, Ард түмнээ хайрлая намын дарга Л.Аззаяагаас ирүүлсэн “намын оноосон нэр болон дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх” өргөдлийг хуралдаанаар дахин хэлэлцээд өргөдөлд хавсаргасан баримт нь бүрдэл дутуу байх тул Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 3 дугаар зүйлийн 3.3-т заасны дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэлгүй гэж үзжээ.
Ард түмнээ хайрлая нам /АТХН/-ын дарга Л.Аззаяагаас "Ард түмнээ хайрлая намын хоёрдугаар Их чуулганаар намын оноосон нэрээ Ард түмний хүч нам болгон өөрчилснийг улсын бүртгэлд бүртгүүлэх" өргөдөл гаргаж, УДШ-д хандсан байдаг.
Ташрамд дурьдахад, өмнө эл намын даргаар УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай ажиллаж байсан бөгөөд одоогийн даргаар түүний эхнэр Л.Аззаяа ажилладаг байна.