Засгийн газраас зарласан авлигатай тэмцэх 5Ш ажиллагааны нэг болох Шувуу ажиллагааны хүрээнд АТГ болон бусад хууль хяналтын байгууллагынхан хамтран, гадаад улсад оргон зайлсан этгээдүүдийг эх оронд нь авч ирж шалгах ажлыг эрчимтэй зохион байгуулж буй.
Тухайлбал, “Нүүрсний" гэх хэрэгт яллагдагчаар татагдсан ч шалгагдахаасаа урьтаж хилээр гарч зугтсан иргэн Д.Наранхүү буюу УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн бие төлөөлөгч асанг есдүгээр сарын 15-нд өдөр гадаад төрхөө өөрчилсөн байдалтай байсныг БНХАУ-ын НАХЯ-ны мөрдөгчид Бээжин хотын захын дүүрэгт орогнож байсныг олж тогтоосон байдаг. Ингэхдээ БНХАУ-ын зүгээс тухайн этгээдийг манай улсад шилжүүлэн өгөхөө мэдэгдсэн. Тэгвэл Д.Наранхүүг өнөөдөр АТГ-аас хүлээн авч саатуулжээ.
Эргэн сануулахад, түүний хувьд өнгөрөгч оны 12 дугаар сард БНСУ руу ниссэнээс хойш БНХАУ-ын Шанхай хот, Макао зэрэг улсаар оргон зайлж байсан бөгөөд саатуулах үед пасспорт бичиг баримтын зураг зөрүүтэй боловч гар хурууны хээ таарсан аж.