"Фантастик" продакшны жүжигчин Б.Барслхагва өөрийн хувцасны брэндийн нээлтээ өчигдөр буюу есдүгээр сарын 23-ны өдөр хийлээ.
Түүний бизнесийн хамтрагчаар Ninjee & Saraa's tailor –ийн үүсгэн байгуулагч Г.Нинжбадгар ажиллажээ. "Bars" брэнд нь онлайн сайтаар захиалгаа тогтмол авч байгаа бөгөөд нэрийн дэлгүүр нь "Очир төв" ийн 7 давхарт байрлаж байгаа аж.
UBN сайт "BARS" брэндийн үүсгэн байгуулагч, жүжигчин Б.Барслхагваас брэндийн талаар цөөн зүйл тодруулснаа хүргэж байна.
- Юун түрүүнд олон жил бодож явсан хувцасны брэндээ нээж байгаад баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцаач?
-Баярлалаа. Энэ санааг гаргасан Г.Нинжбадгар найздаа баярлалаа гэж хэлмээр байна. 2 жилийн хугацаанд энэхүү ажлаа эхлүүлэх гээд амжихгүй яваад байсан. Өнөөдөр энэ санаагаа ажил болгоод нээлтээ хийж байгаадаа баяртай байна. Үндэсний үйлдвэрлэгч байна гэдэг маш хүнд даваа байдаг юм байна. Энэ хүнд давааг даваад гарсан үндэсний үйлдвэрлэгч нараараа бахархаж байна.
- BARS брэндийн онцлог юу вэ?
- Мэдээж үндэсний үйлдвэрлэгч. Мөн хувцасны материалыг эх орноосоо авдаг гэдгээрээ онцлог. Монголын газар нутагт ургасан өвсийг идсэн малын арьсаар монгол хүнд тохирсон гайхалтай8 загвартай хувцаснуудыг хийхээр ажиллаж байна. Монгол малын арьсаар хийсэн хувцасыг зүсэхгүй л бол урагддаггүй юм билээ.
- Салбар дэлгүүрийн хувьд хаана байрлаж байгаа вэ?
- Одоохондоо манай ганцхан дэлгүүртэй үйл ажиллагаагаа явуулж байна. "Шангрила" төвийн хажууд Очир төвийн 7 давхарт байрлаж байгаа. Мөн вэб сайт инстаграм , фейсбүүк хуудсаараа дамжуулан байнгын захиалгаа авч байгаа.
- Брэндийн цаашдын зорилго. Олон улсад гаргахаар төлөвлөж байна уу?
- Мэдээж манай компаны зорьж байгаа зах зээлүүд бий. Бид олон улсад гаргахаар судалж байна. Азид тэр дундаа япон улсад нээлтээ хийнэ. Мөн Европ руу гаргахаар ажлын төлөвлөгөө боловсруулж байна.
- Нээлтийн үйл ажиллагаанд ирсэн хүмүүст мэндчилгээ дэвшүүлэхгүй юу?
- Урилгыг маань хүлээн аваад ирсэн, мэндчилгээ дэвшүүлсэн найз, нөхөддөө маш их баярлалаа. Ирж амжаагүй хүмүүс бас бий. BARS брэндийг сонирхож байгаа хүмүүстээ хэлхэд та бүхний итгнлийг алдахгүй гэдгээ амлаж байна. Баярлалаа.
-Баярлалаа