УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр 09:00 цагт Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нээлттэй горимоор эхэлсэн бөгөөд Б.Ганхуяг ерөнхий шүүгчээс татгалзаж, 13:30 цаг хүртэл хойшилсон юм.
Тэгвэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг дараах үгийг хэллээ. Тэрбээр,
"Өнөөдөр 11 хүнд холбогдох хэргийг урьдчилан хэлэлцэж байна. Үүнд надтай холбоотой хэрэгт зургаан үйлдэл байгаа. Эдгээр үйлдэл дотор нэг шанага ч нүүрсний асуудал байхгүй. 2022 оны арван хоёрдугаар сарын 08-ны өдөр намайг цагдан хорьсон.
Цагдан хорих прокурорын тогтоолд жагсаал цуглаан зохион байгуулсан, турхирсан, санхүүжүүлсэн гэдэг үндэслэл байсан. Есөн сарын хугацаанд надаас нэг ч мэдүүлэг аваагүй. Хавтаст хэрэг дотор жагсаал цуглаантай холбоотой ямар ч хэрэг байхгүй. Үүний араас нүүрсний хэрэг гэх асуудлыг сөхөж гаргаж ирсэн. Нүүрстэй холбоотой 50, 60 мэдүүлэг аваад байсан энэ дотор нэг нь ч үлдээгүй. Бүх нүүрсний хэрэг гэдэг зүйл ард үлдсэн, хаана үлдсэнийг би мэдэхгүй.
УИХ-д нүүрсний ажлын хэсэг байгуулагдаж, байнга нүүрс ярьж байгаа. Гэтэл надтай холбоотой нэг ч асуудал байхгүй, 11 хүнд холбогдох ямар ч хэрэг байхгүй. Ийм байхад олон төрлийн хэрэг үүсгээд цагдан хорьсоор байгаад шүүгчийн 19 захирамж над дээр гарсан байна. Үүнээс есийг нь ерөнхий шүүгч Б.Халиун гаргасан. Түүний гаргасан захирамж дотор яллагдагч миний эрхзүйн байдлыг дордуулсан асуудлууд гарсан.
АТГ-аас миний хэргийг шалгаад шүүх рүү ирүүлж байгаа. АТГ-ын шууд даалгавраар ажиллаж байна гэж үзэж байгаа. Магадгүй таны хэрэг АТГ-т шалгагдаж байж магадгүй, би үүнийг шалгуулах эрхтэй. Эдгээр захирамжид цагдан хорих эрх зүйн үндэслэлүүдийг огт дурдаагүй. Прокурорын тогтоол гараагүй зүйл дээр хүртэл намайг цагдан хорьсон. Өөр хүний хэргийг тохох гээд байна уу. Нүүрсний хэргийн жинхэнэ эзэн, МАН-ын асуудал хүртэл энд яригдах гэж байна. Би ерөнхий шүүгчээс татгалзаж байна" хэмээсэн юм.
Иймээс шүүх хурал өнөөдөр өдрийн 13:30 цаг хүртэл хойшилсон юм.