Иргэн Г.Ган-Очир эхнэрээ зодсон гэх хэргээр Франц улсын шоронд хоригдож буй. Тэгвэл тэрбээр өнөөдөр өөрийн гэрч гэх Франц улсын иргэнтэй хамтран цахимаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Франц улсын иргэн "Г.Ган-Очирыг хорьж байгаа нь хууль бус. Хоёр улсын засгийн газрын хоорондын мафи яваад байна. Францын шорон Г.Ган-Очирыг хар тамхиар хордуулсан нь үнэн. Энэ асуудлаар Гадаад хэргийн сайдад хандсан" гэв.
Харин иргэн Г.Ган-Очир,
"Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар намайг энд шоронд оруулаад, намайг өдөр бүр гүтгүүлж байгаа. Би үүнд амьд гэрчтэй шүү гэдгээ мэдэгдэх гэсэн юм. Мөн надтай Францын хүний эрхийн байгууллага, олон улсын хүний эрхийн байгууллагуудаас ирж уулзсан. Тэдний зүгээс Францын улсын шүүх болон прокурорт хандаж, яагаад энэ хүнийг хорьсон бэ, шүүхийн тогтоолыг гардуулж өг. Тогтоолтой танилцмаар байна гэсэн. Мөн Францын шүүх болон шоронгоос намайг ямар үндэслэлээр хорьсон талаарх тогтоолоо гаргаж өгөхгүй байна. Зөвхөн мэдэгдэж байгаа зүйл нь "Чамайг удахгүй Монгол Улсад хүлээлгэж өгнө. Чамайг интерполоор эрэн сурвалжилж, маш ноцтой гэмт хэрэгтэн гэсэн. Тиймээс Монгол Улсад хүлээлгэж өгнө" гэсэн.
Нэг ёсондоо намайг улс төрийн зорилгоор хорьж байна.
Бас намайг худлаа яриад байна гэж хүмүүс хэлж байна. Надад худлаа ярих ямар ч боломж байхгүй. Ирж буй захиа, утасны яриаг байнга шалгадаг. Миний хувьд сэтгэл санаа болон биеийн байдал дордсон. Францын хууль хүчний байгууллагууд миний эрхийг зөрчиж байна. Таван сарын турш гэрийнхэнтэйгээ холбоо барьж чадаагүй. Ахыг маань нас барснаас хойш сарын дараа хүмүүстэй холбоо барих боломж олгож, утас өгсөн" гэв.
Д.Дөлгөөн