Хичээлийн шинэ жил эхэлсэн ч нийслэлийн зарим сургуулиуд түрээсийн байранд хичээллэх эсхүл өргөтгөлийн барилга ашиглалтад ороогүй зэрэг шалтгаанаас үүдэн түр хугацаанд цахимаар хичээллэх болон гурван ээлжээр хичээллэх шаардлага гарсан. Тэгвэл уг асуудлаар БЕГ-ын дарга Т.Ням-Очироос тодрууллаа.
-Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш хэд хэдэн сургууль цахимаар хичээллэж байна. Түүнчлэн түрээсийн байр болон барилгын ажил нь дуусаагүй гэх шалтгаанаар сурагчид хичээлдээ явахгүй байх тохиолдол ч гарсан. Үүнд тайлбар мэдээлэл өгөхгүй юу?
-Бид зургаадугаар сараас хойш гурван сарын хугацаанд ажилласан. Энэ хугацаанд 10 сургууль дээр түр хугацааны зохицуулалт хийхээс өөр аргагүй байдалд хүрсэн. 31-р сургуулийн хувьд долоодугаар сард орсон борооны улмаас 2-3-р давхар руу борооны ус нэвчсэн учраас гүйцэтгэгч компани таван хоногийн хугацаанд засварын ажил хийхээр зохицуулалт хийсэн.
Харин 71-р сургуулийн хувьд долоодугаар сараас хойш засварын ажил үргэлжилсэн, засвар бүрэн дуусахад 10 хоногийн түр зохицуулалт хийсэн. Мөн 161-р сургуулийн хувьд бохирын асуудал дээр хөрснөөс ус ялгаран гулгалт үүссэнтэй холбоотойгоор 5-10 хоногийн түр зохицуулалт хийсэн. Эдгээр шалтгаантай 10 орчим сургууль бий.
Харин 21-р сургуулийн хувьд хамгийн түрүүнд түрээсийн байраа олж, засварын ажлаа эхэлсэн учир ийм байдалд хүрнэ гэж тооцоолоогүй байсан. Тиймээс яаралтай түр зохицуулалт хийж, богино хугацаанд дараагийн арга хэмжээгээ авахаа амлан, эцэг эх, багш нартайгаа шийдэлд хүрж байгаа хэрэг.
-СХД-ийн 12-р сургуулийн найман анги, 24 бүлгийн сурагчид 2024 оны тавдугаар сарыг хүртэл гурван ээлжээр хичээллэхээр болсон. Энэ тал дээр мэдээлэл өгөөч?
-12-р сургууль нь нийтдээ 18 тэрбум төгрөгийн төсөвтэй ч, магадлалаар 22 тэрбум төгрөг болсон. Гэтэл одоогийн байдлаар 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилттэй байгаа. Бид гүйцэтгэгч компаниасаа гүйцэтгэлээ хурдан хугацаанд хийхийг хүсэж, засгийн газрын тогтоолын хүрээнд санхүүжилтээр дэмжлэг үзүүлэн арваннэгдүгээр сарын 01 гэхэд хэсэгчлээд, зөвхөн хичээллэх анги танхимыг хүлээлгэж өгөхөөр зохицуулалт хийн ажиллаж байна.
-32-р сургуулийн хувьд ХААИС-ийн байрыг түрээслэхээр болсон ч, тус сургуулийн зүгээс түрээслэхгүй гэсэн асуудал үүссэн байна. Энэ асуудал хэрхэн зохицуулалт хийж байгаа вэ?
-ХААИС-ийн байрыг түрээслэж хичээллэхээр болсон 32-р сургуулийн зүгээс гэрээгээ байгуулаад, төлбөрөө бүрэн төлчихсөн.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.