Драгоноос баруун аймгууд руу явах автобуудлыг нүүлгэсэнтэй холбоотой маргаан сүүлийн хэдэн өдөр тасарсангүй. Угтаа бол олон нийтийн зүгээс шүүмжлээд, дургүйцээд, автобуудлыг буцаагаад Драгон руу нь авч ирье гээд байгаа зүйл үнэндээ алга. Гол маргаан Драгоны автобусны буудлын ард терминал барьсан нөхдүүд барилга нь “ашиггүй” болсонд л багагүй маргаан дэгдээв бололтой. Сүүлдээ уг маргаан нь улс төрийн шинжтэй болж, хүрээ хязгаараасаа багагүй халих нь тэр.
Тэгвэл уг шийдвэрийг хэн яагаад гаргав гэдгээс асуудлыг эхэлж тайлбарлаж, асуудлын учиг зангилааг хөөж бодъё.
Драгон терминалийн барилга баригдаж байхад автобуудлыг Номин агуулахын зүг нүүлгэх шийдвэрийг гаргасан ажлын хэсгийн хуралдааныг энэ оны 6 дугаар сард АТҮТ-ийнхөн хийсэн байдаг. Ажлын хэсгийн хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Сонгинохайрхан зорчигч тээврийн төвийг хотоос гаргахаар шийдвэрлэсэн аж. Улмаар уг шийдвэрийг үндэслэж Лавай, Touten, Номин агуулах, Вокзал, Буянт-Ухаа, Улаанбаатар төмөр замын харъяа Зорчиг үйлчилгээний төвүүдийн нэгийг сонгохоор дахин АТҮТ-ийн ажлын хэсгийнхэн ажилласан байдаг.
Ингээд эхний ажлын хэсгийн хуралдаан болсноос ердөө зургаан хоногийн дараа дахин ажлын хэсэг хуралдаж Ажлын хэсгийн дарга Б.Баатарцол “Номин агуулах”-ыг хамгийн боломжтой байршил хэмээн сонгох санал гаргаж, түүнийг нь хуралд оролцсон бусад таван гишүүн нь санал нэгтэйгээр дэмжсэн байгаа юм.
Ийнхүү ажлын хэсгээс Ш.Баярсайханы Номин агуулахыг сонгох шийдвэр гарч үүнийг нь 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гэрээгээр албажуулжээ. Гэрээнд АТҮТ захирал Б.Гүрсоронзон болон Номин реалтор ХХК-ийн захирал Г.Баянмөнх нар хоорондоо байгуулжээ. Уг гэрээнд 1 м.кв нь 30 мянган төгрөг, сарын 47,319,600 төгрөг байхаар зааж, үргэлжилэх хугацааг нь 2025 он хүртэл байхаар тогтоосон байгаа юм.
Өөрөөр хэлбэл, хэл ам дагуулаад буй автобуудлыг Номин агуулах руу нүүлгэх шийдвэр болон гэрээ хийсэн бүх үйл явц бүгд Б.Гүрсоронзон даргатай АТҮТ-тэй холбоотой аж.
Өөр нэг сонирхолтой асуудал байгаа нь ЗТХЯ-ны хажууд байсан АТҮТ-ийн оффисыг энэ жил нүүлгэх шаардлагатай болсон. Тодруулбал, энэ гарснаар гурван тусдаа газар оффислож байсан АТҮТ-ийн байруудаа нэгтгэж нэг болгохоор болжээ. Гэтэл хэдэн зуун сонголт дундаас Хан-Уул дүүрэгт байрлах “Ариг” банкны хуучин байранд оруулах шийдвэрийг Б.Гүрсоронзон захиралтай АТҮТ гаргасан байгаа юм. Ингэхдээ нэг сарын түрээсийн төлбөрийг нь 30 сая төгрөг байхаар гэрээ байгуулсан байна. Өөрөөр хэлбэл, яагаад баруун бүсийн автобуудлыг Ш.Баярсайханы "Номин агуулах" руу сар гаруйн дотор нүүлгэв. Яагаад АТҮТ-ийн оффисоо бас л Ш.Баярсайханы хамаарал бүхий "Ариг" байр руу нүүлгэхээр шийдвэрлэсэн бэ гэдэг өнцөг сонирхолтой бөгөөд бодууштай өнцөг мөн үү гэвэл мөн.
Асуудлыг голлож шийдвэрлсэн АТҮТ чухам ямар учир шалтгаанаар өнөөдрийг хүртэл автобуудлаа нүүлгэсэн шалтгаанаа тайлбарлаж чадахгүй "хөшиг"-ний ард нуугдаж сууна вэ.
Яамнаас өгсөн чиглэл гэх нэрийн дор асар хурдтай ажлын хэсгийн шийдвэрүүдийг гаргаж, улмаар ажлын хэсэгт багтсан АТҮТ-ийн гишүүдийн 100 хувийн саналаар яагаад “Номин агуулах”-ыг сонгох болов.
Гэрээг байгуулж, автобуудлыг нүүлгэх шийдвэр гаргасан хэдий ч өнөөдрийг хүртэл яагаад чимээгүй суув. Үнэхээр зарим хүмүүсийн яриад байгаа шиг Номингийн Баярсайханы хамаарал бүхий газруудыг АТҮТ яагаад сонгосон бэ гэдэг өөрөө цаанаа том асуудлыг дагуулж мэдэх юм.