Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оюутолгойн асуудлыг эцэслэх Лондонгийн Арбитрын шүүх хуралдааныг 12 сараар хойшлуулах уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 33 секунд

"Оюутолгойн хөрөнгө оруулагч талд тавьсан татварын актын маргааныг талууд Арбитрын шүүх хуралдаанаас өмнө зөвшилцөхийг зорив"

Засгийн газрын өнгөрөгч долоо хоногийн хуралдаанаар “Оюу Толгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” 103-р тогтоолын хэрэгжилт болон Татварын маргааны асуудлаар Засгийн газраас Лондонгийн Арбитрын шүүхэд Оюутолгойн хөрөнгө оруулагч талд гаргасан сөрөг нэхэмжлэлийн асуудлыг хянан шийдвэрлэх Арбитрын шүүх хуралдаан энэ сард болохтой холбогдуулан тодорхой саналуудыг хэлэлцжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ЗГ-ын хуралдаанд Лондонгийн Арбитрын шүүх хуралдааныг нэг жилийн хугацаагаар хойшлуулах санал гаргасан аж.

Тэгвэл яагаад Оюутолгойн асуудлаарх Арбитрын шүүх хуралдааны товыг хойшлуулах санал гаргасан нь сонирхол татаж буй.

Үүнд хэд хэдэн шалтгаан нөхцөл бүрджээ. Нэгдүгээрт, Монгол Улсын Засгийн газар болон Оюу толгой төслийн гадаадын хөрөнгө оруулагчтай хийсэн хэлэлцээрийн хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчаас ирүүлсэн саналыг харгалзаж Монголын талын эрх ашгийг хангах нийт зургаан арга хэмжээг хөрөнгө оруулагч талаас хэрэгжүүлэхээр болсон байдаг. Эдгээрээс таван арга хэмжээг нь хөрөнгө оруулагч талаас биелүүлж, харин татварын акттай холбоотой асуудлын зарим хэсгийг биелүүлэх боломжгүй тухайгаа илэрхийлж, зөвшилцөлд хүрэх санал гаргасан бичгийг Рио Тинто Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт өнгөрсөн тавдугаар сард хаяглан ирүүлсэн байдаг. Энэ тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Жич: Рио Тинто компаниас ХЗДХ-ийн сайдад хаягласан бичигт дурдагдсан саналууд

Эргэн сануулахад, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өмнө нь “Татварын актаа бүрэн төлүүлэх асуудлыг ярилцаж шийднэ. Цар тахлын хорионы хүнд үед гадна, дотно байгаа нийт монголчууддаа 300 мянган төгрөг өгсөн. Энэ эх үүсвэр нь Оюу толгойд татварын актаар тавигдсан 1.24 их наяд төгрөг байсан. Энэ мөнгөө бид тэднийхээр бүрэн хүлээн зөвшөөрүүлэх актын хэлэлцээр үргэлжилнэ” хэмээн ярьж байсан удаатай. Харин асуудал одоо хэр нь шийдэгдээгүй болох нь дээрх мэдээллээс харагдаж буй.

Товчхондоо Рио Тинто компанийн ирүүлсэн дээрх саналуудыг хүлээн авсан тохиолдолд тус компани холбогдох эрх бүхий байгууллагуудтай шийдлийг баримтжуулж, арбитрын эцсийн шийдвэр болгон баталгаажуулснаар тус маргаан нь дуусгавар болох талаар сануулж байгаа аж.

Өөрөөр хэлбэл Рио Тинтогийн ирүүлсэн саналын хүрээнд талууд яриа хэлэлцээ хийх шаардлага гарч эхэлсэн гэсэн үг. Саяхан болсон Монголын Эдийн засгийн форумын гол ажил болох гадаадын хөрөнгө оруулагчдыг урьж оролцуулах, хөрөнгө оруулалт татах асуудлаар санал солилцох ажлыг Рио Тинто компани хариуцан зохион байгуулсан нь Засгийн газартай асуудлаа ярьж зөвшилцөхөд нэг алхам урагшилсан гэх. Өнгөрөгч сард мөн талууд уулзалдаж татварын акттай холбоотой асуудлаар ширээний ард ярилцжээ.

" Кинг Спалдинг Оюутолгойн асуудалд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээс татгалжээ"

Хоёрдугаарт, Монгол Улсын Засгийн газар арбитрын маргаан дээр Кинг Спалдинг хэмээх олон улсын хуулийн фирмтэй хамтарч ажиллаж ирсэн. Хачирхалтай нь энэ удаад Монголын талд өмгөөллын үйлчилгээ үзүүлэхээсээ татгалзсан тул Лондонгийн Арбитрын шүүх дээр манай талаас өмгөөлөгчгүй орох боломжгүй буюу шүүхээс маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах процессд хүндрэл учирч болзошгүй нөхцөл бүрдсэн гэж үзэх болжээ.

Дээрх шалтгаануудын улмаас Монгол улсын Засгийн газраас гаргаад буй Оюу толгойн хөрөнгө оруулагч талд гаргасан татварын акттай холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэх Лондонгийн Арбитрын шүүх хуралдаан нэг жилийн хугацаатай хойшилж магадгүй аж.

Контент бүтээгч Nuseir Yassin Чингис хаан Үндэсний музейд зочиллоо
Контент бүтээгч Nuseir Yassin Чингис хаан Үндэсний музейд зочиллоо
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.